Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг
Өнөөдөр 22:00 цагт Синофарм вакциныг Монгол Улсад авчрах тухай мэдээллээ.
Тэрбээр "БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр орой 22:00 цагт манай улсад ирнэ. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрөл нь гарахаар хүлээгдэж байгаа вакцин юм. Зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авч байна гэсэн үг.
Манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca хэмээх дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлийг бүрэн хангасан" гэлээ.
Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр БНХАУ-аас 320 мянган хүн тун, ОХУ-аас 50 мянган хүн тун вакциныг хандиваар авахаар төлөвлөсөн байна. Уг хоёр төрлийн вакцинд ДЭМБ одоогоор зөвшөөрөл олгоогүй байгаа бөгөөд гуравдугаар сард зөвшөөрөл олгох төлөвтэй байгааг албаныхан мэдээлсэн.