Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суудаг Б.Аманжол нь Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Хойд Бөхөн уулнаас барагшун түүж байгаад хадны доороос Х-Хlll зууны үеийн нум, сум, саадаг, ташмаг, хутга, модон тагш зэрэг эртний соёлын хосгүй үнэт биет өвийг олж авсанаа зарах гэж байгаад баригджээ. Тэрээр барагшуун түүхээр хадны хөндий ёроолыг ухаж явахад саваа мод нь нэгэн хатуу зүйлд торжээ. Уг зүйлийг ухаж татаж гаргахад дотроо нум болон зэвтэй долоон сумтай саадаг байжээ. Ахин ухахад модон аяга, нум хөвчийн хамт, жижиг ясан эвэртэй хутга, арьсан жижиг хөхүүр/дашмаг/ гарч иржээ. Олсон зүйлээ зарж борлуулахаар шийдэн гэртээ авч ирж амбаартаа хадгалжээ. Тэрээр хэд хэдэн хүнтэй сэм уулзаж олзоо үзүүлсэн ч зарж чадаагүй байна. Энэ зуур хуучны олдвор олсоноо зарах гэж байгаа тухай мэдээлэл цагдаад ирж тэд худалдан авагчийн дүрээр очин Б.Аманжолыг баривчилжээ. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн уг олдворыг шинжлээд “Эдгээрийг дундад зууны үеийн бусад булш оршуулгын эд өлөгтэй харьцуулан урьдчилсан байдлаар үзэхэд он цагийн хувьд Х-ХIII зуун буюу одоогоос 700-1000 жилийн өмнөх үед холбогдох боломжтой байна. Дундад зууны монголчуудын түүх-соёлын хосгүй үнэт зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт гаргажээ. Хэрэгтэнд найман сар тэнсэх ял оноож олдворыг Баян-Өлгий аймгийн музейд шилжүүлжээ.