alim.mn | 2024.12.23
Вакцины анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэлээ

Хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдрөөс шинэ коронавирусийн вакцинжуулалт эхэлж байна. Вакцинжуулалтад хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамрагдаж байгаа юм. БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтад нэгдүгээрт орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс улаан бүсээс шар бүсэд шилжиж байна. Нийт ААН-ийн 95 хувь нь хэвийн горимд шилжиж байна. Тулж ирсэн сорилтыг хамтаар даван туулдаг жишээг бид дахин харууллаа. Нэг өрх нэг шинжилгээ өнөөдөр бид хаана байгаа, хаашаа явахыг заасан суурь боллоо. Хөл хорио шинжилгээгээр мөн бид вакцинжуулалтын суурийг тавьж чадлаа. Ази тивдээ вакцинжуулалтыг эхлүүлсэн улсуудын нэг болж чадлаа. Вакциныг ийнхүү шуурхай авахад Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хийсэн яриа, хэлэлцээ чухал байлаа. Засгийн газар богино хугацаанд 18-аас дээш насны иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр явагдах хэдий ч цар тахлаас, аюулт өвчнөөс хамгаалах ганц арга нь вакцин гэдгийг хэлэх нь зүйтэй. 

Вакцинжуулалтыг хийсний дараа 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшил Засгийн газартай хамтран ажиллаарай. Бид вакцинжуулалтаа хийж чадвал хаагдсан зүйлсээ нээж чадна. Хаагдсан сургууль, хаагдсан бизнес, хаагдсан хилээ, хаагдсан аз жаргалтай амьдралын хэв маягтаа шилжиж орно. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 

"Аливаа вакциныг хйилгэхээс өмнө эсрэг заалт бий эсэхийг шалгуулж, эмчийн үзлэгт ордог. Би эмчийн үзлэгт орж, асуумжид хариулсны дараа вакцинаа хийлгэлээ. Вакцинжуулалттай холбоотой програм хийсэн. Вакцин хийлгэсэн тухай лавлагааг англи, монгол хэл дээр бэлтгэсэн. Ингэснээр вакцин хийлгэсэн иргэн гадаадад зорчихоор бол лавлагаагаа үзүүлээд зорчих боломжтой" гэлээ.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн ажилтнуудад хандан "Төвлөгөөт журмын дагуу төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд эхний ээлжид цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдах учиртай. Иймд та бүхнийгээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" хэмээв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ