Увсынханыг нутгархаг гэж ярьдаг нь оргүй бололтой. Тус аймгаас УИХ-д сонгогдон улмаар БОАЖ-ын сайдаар сонгогдсон Н.Цэрэнбат “Шувуу судлах, шувуу судлах тухай ном хэвлүүлэх” хэмээх 22,2 сая төгрөгийн төсөвтэй судалгааны ажлыг “алтан нутаг” болох Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэнд шилжүүлж байжээ. Үүнтэй хамт мөнгө зарцуулах эрхийг өгсөн байна. Яамны харьяаны тусгай хамгаалалттай олон газруудаас шувуу хамгийн сайн цугладаг нь Увсын нуурын ай сав гэж үзжээ. Мөн олон судлаач дундаас “алтан нутаг”-аа шувуу судлах, шувуу судлах тухай ном хэвлүүлж чадна хэмээн сонгосон байна. Н.Цэрэнбат энэ тушаал гаргахын хамт өмнөх сайдынхаа 2019 оны 12-р сарын 17-ны А/780 тоот тушаалыг хүчингүй болгожээ. Хүчингүй болсон тушаалаар шувуу судлах ном хэвлүүлэх ажлыг өөр хүнд өгсөн байх магадлалтай байна. Харин Н.Цэрэнбат нутгийнхандаа өгөөд хуучин тушаалыг нь хүчингүй болгожээ. Увс нуурын ай савын хамгаалалтын газрынхан уг номыг хэвлүүлж болох ч 22 сая төгрөгийн өртөгтэй ном нь хаана байна вэ гэдэг асуулт гарч ирж байна.