Барилгын сайдад илгээсэн нэгэн албан бичигт “Бурхан хүнийг бүтээж бусдыг нь барилгагчин бүтээсэн гэдэгчилэн ...” хэмээн эхэлдэгтэй агаар нэгэн гэмээр үйл явдал болжээ. Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн энэ оны 1-р сарын 27-ны А/10 тоот тушаалаар ХНХ-ын сайд А.Ариунзаяаг “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнажээ. Шагнагдах ажилтнуудын нэрсийн жагсаалтын эхэнд сайд хатагтайн нэр дурайж байна. Сайдтан өмнө нь МАН-ын намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн дараа Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон. Өдгөө сайд болсоных нь дараа “төрөлх” хороо нь ийнхүү “тэргүүний ажилтан”ы цол тэмдгээр шагнажээ. Сайд болонгуут шагнал цол тэмдгээр даруулдаг. Гэтэл жирийн ажилтан олон жил шударгаар хөдөлмөрлөөд ч барааг нь харалгүй явсаар тэтгэвэрдээ гардаг.