Д.Занданбат 2019 онд Үндэсний аудитын газрын даргаар очиж Монгол Улсын Ерөнхий аудитор болсон. Дарга болсоны дараахан л суурин компьютер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах хоёр ч том тендер он дамжин зарлагдаад байна. Эхнийх нь 2020 оны хавар зарлагдсан агаад нийт өртөг нь 604 сая төгрөг хүрчээ. Энэ тендерт “Ай Ти Зон”, “Бодь электроникс” зэрэг компаниуд өрсөлдсөнөөс 582 сая төгрөгөөр “Ай Ти Зон” ялжээ. Ийм их хэмжээний компьютер тоног төхөөрөмж худалдан авсан ч “хэрэгцээ” нь хангагдаагүй нь гайхалтай. Энэ жил ахиад л “суурин компьютер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах” нэрээр ахин тендер зарлажээ. Нийт өртөг нь 209 сая төгрөг. Үүний хамтаар “төслийн төсөл бэлтгэх программ хангамж нийлүүлэх” нэрээр 28 сая төгрөгийн сонгон шалгаруулалт зарлаад амжсан байна. Сүүлийн үеийн компьютер, техник хэрэгсэлтэй болох нь чухал биз. Гэхдээ хэзээ ч 600-800 сая төгрөгт хүрч байгаагүй. Сайн компьютер аудитынхнаас дутахгүй хэрэгтэй АМГТХГ л гэхэд 200 сая төгрөгний тендер зарлаад байна. Мөн энэ нь жил бүр зарладаг тендер ч биш юм.