Дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр том охин Т.Зөөлөнсийгээ дагуулан хоёр охиныхоо ээж Т.Анандагийн очжээ. Т.Зөөсий охин нь “Бумбардай” гэж дүүгээ дуудан 30 гаруй минут хаалгыг нь тогшсон ч үүдээ нээж өгөөгүй аж. Энэ үедээ Т.Дэлгэрмөрөн “Бумбардай дуугараад байна. Зөөсий, Бумбардай гэж дууд” гэж зааварчлах нь сонсогдоно. Үүнээс цааш үзсэнгүй. Үзэж чадсангүй. Т.Дэлгэрмөрөн, “Миний хөгшин одоо болио”...
Айл гэрт хаалганы цаана ам зөрдөггүй эр эм гэж бараг л үгүй байх. Харин түүнийгээ “лайв” хийж, олон түмний өмнө үзүүлэн болгон нялх биетэй эхнэрээ ч, өөрийгөө, гурван охиноо ч хүмүүсийн ам хэлний бай болгож байна. Харин Т.Ананда их юм үзэж туулсан, тэвчээртэй эмэгтэй юм. Хэрвээ оронд нь өөр эмэгтэй байсан бол энэ их хэл ам, доромжлолыг тэвчихгүй “сав нь хөөрөөд” Шар хадны эмнэлэгт хэвтэж байгаа.
“Номинталст”-ын голлох дуучин байсан чамд хүмүүс хайртай. Хэн ч танихгүй байсан бүсгүй Т.Анандатай амьдарч, олны танил болгон, Солонгон аашт гэж “брэнд” үүсгэсэн нь үнэн. Солонгон аашт байтугай Осоржамааг хотлоороо таньдаг болсон орчин шүү дээ, энэ цахим. Анх чамайг сэтгэлийн тэнцвэрээ алдаж, “амьдаараа” лайв хийхэд ард түмэн ч, рок попын нөхөд ч тулж түшиж, урмын үг хэлж, ухамсаргүй нэг нь охины тань ээжийг газар доогуур ортол доромжилсон. Харин одоо таныг өмөөрч, итгэл үнэмшилтэй дуугарах хүн цөөрч байна. Рок попын нөхөд ч эрхгүй өсвөр насны Зөөсийг бодож үг дуугарч байна. Уг нь та хоёрын амьдрал та хоёрынх, орон гэр нь хэнд ч халдашгүй цайз байх ёстой. Харамсалтай нь таны өдөр өнжихгүй, худалч хүнд цаг тутам оруулах постоос болж, энэ халдашгүй байдал алдагдаж, хэн дуртай нь та хоёрын амьдралыг шүүж, хэл амаа билүүдэж байна. Та хоёртой 24 цаг тэд амьдардаггүй болохоор тэр дэмжээд, эсвэл доромжлоод байгаа улс та хоёрын амьдралыг мэдэхгүй, шүүх ч эрхгүй. Шүүлээ гээд, боксын тэмцээн биш, та олон хүнээс илүү оноо аваад ч яах юм бэ. Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй гэлцдэг.
МУСТА Т.Дэлгэрмөрөн та нас 40 гарлаа. Гурван охины аав боллоо. Амьдралдаа их юм үзэж туулсан. Өсөх насанд аав ээж, идэр насанд ханиа, өтөл насанд үрээ алдах шиг том зовлон байдаггүй. Олны хайрыг татсан татсан дуучин ид 37 насандаа ханиа алдаж ертөнцийн хамгийн том хал зовлонг үзсэн. Ганц охин Зөөлөнсийгээ ганцаараа таван жил асарч, гэрт орж эм, гадаа гарч эр болон юугаар ч дутаалгүй өсгөн хүмүүжүүлсэн сайн аав. Хоёр дахь амьдралаа зохиож хоёр охинтой боллоо. Ижилдэн дассан охид түр холдоод хэцүү байгаа нь мэдээж. Гэхдээ орой, бараг үдэш болж байгаа үед том охиноо дагуулан, Бумбардайг салхинд гаргана гээд хаалга үүдийг нь хагас цаг нүдүүлж, тэр бичлэгээ түмэнд цацна гэдэг өсөж яваа, юмны учир ойлгох охинд яаж тусаж байгаа бол. Анги хамт олон, сургуулийнхан нь яаж хүлээж авах бол...Хувийн амьдрал хувийн байх ёстой ч, нэгэнт өөрөө дэлгэн үзүүлсэн болохоор амралтын өдөр оролцон хэдэн үг хэллээ. Т.Дэлгэрмөрөн, “Миний хөгшин одоо болио”...