Замын хөдөлгөөний удирдлагын төв ийм нэгэн “сонирхолтой” тендер зарлажээ. Замын хөдөлгөөний зөрчил гаргаж шийтгүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид шийтгэлийн хуудсыг хаягаар хүргэх тусгай компани сонгон шалгаруулахаар болжээ. Энэ тендерийн нийт өртөг нь 306 сая төгрөг. Уг үйлчилгээг үзүүлэгч нь буюу тендерт ялагч нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн байранд ирж шийтгэлийн хуудсыг бүртгэн хүлээн авах гэнэ. Ингээд уг зөрчил гаргагчийн хаягаар нь гэрт нь хүргэж өгнө. Шийтгэлийн хуудсыг дугтуйлж бэлдсэн байхаас гадна долоо хоног тутамд нэг удаа ирж аваад хаягаар нь тараах аж. Хотын төдийгүй хөдөөний жолоочид ч шийтгэлийн хуудсыг хүргэж өгөх гэнэ. Шийтгэлийн хуудсыг заавал хаягаар нь, гарт нь 306 сая төгрөг зарцуулан байж хүргэх өгсөний давуу тал, ач холбогдол юу вэ гэдэг нь тодорхойгүй. Ингэснээр торгуулийн төлөлт сайжрах нэмэгдэх юм болов уу ... Монгол Улс төрийн хүнд суртлаас цахим үйлчилгээнд шилжих тухай ярьсаар л байдаг. Зөрчил гаргагчийн гэрийн хаалгыг тогшиж байснаас гар утсанд анхааруулга сануулга бүхий мессэж илгээвэл илүү зардал багатай баймаар юм.