alim.mn | 2024.12.23
"Гэрлэж амжаагүй явна" киноны найруулагч, жүжигчинтэйгээ гэрлэжээ

Кино үйлдвэрийнхэн найруулагч Ж.Бунтарыг Бунтарчук гэдэг байжээ. Оросын нэрт найруулагч С.Бондарчук, Ж.Бунтар хоёр нэг багшийн шавь нар. Жамъянгийн Бунтар 1928 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ.  Ж.Бунтар гуай 1945 -1947 онд сумын бага сургуульд багш, 1950 -1953 онд Намын шинэ хүчний дээд сургууль төгссөн. Намын төв хорооны үйлдвэр тээврийн хэлтэст зааварлагч, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгт лектор, нарийн бичгийн дарга, орлогч дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байжээ.

Харин 1958 -1963 онд ЗХУ-ын БХКУДС-ийг кино найруулагч мэргэжлээр суралцаж төгсчээ. 1963 -1994 онд "Монгол кино" үйлдвэрт ерөнхий найруулагч, дарга, орлогч даргаар ажилласан байна.

Тэрбээр 1967 он "Төгсгөл", 1970 он "Дайны тухай өгүүллэгүүд" (Далайд дусал нэмэр), 1974 он "Нар хиртсэн жил",1975 он "Их бүрдийн домог" , 1977 он "Давааны цаана даваа", 1979 он "Үүрийн цолмон" ,1981 он "Гэрлэж амжаагүй явна", 1983 он "Гарьд магнай", 1983 он "Газарчин" ,1985 он "Галын урсгал", 1986 он "Ирж яваа цаг", 1990 он "Тод магнай", 1992 он "Булингар", 1994 он "Халаасны өрөө", 1995 он "Цэц магнай" эдгээр кинонуудыг найруулжээ.

Ж.Бунтар найруулагчийн бас нэгэн авъяас бол дууны шүлэг бичих яруу найрагчийн авъяас юм. "Балга ус",  "Гэрлэж амжаагүй явна", "Дэгдээхэй нас", "Нийслэл хүү" "Талын цуурай" "Хөхөө гэрлэх дөхлөө" кинонуудын дууны үгийг зохиосон аж.

     Урлагийн гавъяат зүтгэлтэн кино найруулагч Ж.Бунтар гуайн эхнэр нь жүжигчин П.Долгорсүрэн. П.Долгорсүрэн “Гэрлэж амжаагүй явна” кинонд урт салаа гэзэгтэй, жүжигчин Гүрсэдийн эхнэр, хувийн аж ахуйтай, амжиргаа сайтай, сүйхээтэй айлын охины дүрд тоглодог. “Гэрлэж амжаагүй явна” киног найруулахад Ж.Бунтар гуай 53 нас хүрч байжээ. “Гэрлэж амжаагүй явна” киног найруулж явахдаа, анхны гэрлэлтээ цуцлуулж,  тус кинонд тоглосон П.Долгосүрэн жүжигчинтэй хамт амьдарч эхэлжээ. Насны зөрүү нь 20 хол гарсан ч хайр сэтгэлдээ автсан тэд тоогоогүй. Тэд ганц хүүтэй бөгөөд Ж.Бунтар найруулагчийн хүү Б.Гарьд нь өсвөр насандаа "Шинэ үсгийн багш" киноны гол дүр хүүд тоглосон авъяаслаг найруулагч билээ. Мөн “Гэр” телевизийн олон ангит кинонд О.Энхтуулын нөхөр болж, О.Гэрэлсүх, Топ Одгэрэл, Д.Пүрэвсүрэн нартай хамт тоглосон билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ