Төрийн соёрхолт Дарма Батбаярын зохиол, И.Нямгаваагийн бүтээл “Цахилж яваа гөрөөс” кино 1993 онд бүтээгдсэн бараг сүүлчийн хальсны кино. Энэ кинонд Дамбын дүрд Драмын театрын “Сахал” Пүүжээ, МУГЖ С.Өлзийхүү, Хүүхэд залуучуудын театр, “Өнгөт инээд” хамтлагт жүжигчин байсан Н.Сарантуяа, Дамбын хүүд найруулагч Д.Галбаяр тоглосон. Д.Галбаяр нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү. Аавын авъяас, ген нөлөөлсөн үү 10 гаруйхан настай хүү “Цахилж яваа гөрөөс” кинонд дүрээ часхийтэл бүтээсэн. Найруулагч Д.Галбаяр энэхүү кинонд тоглосноо дурсаж “Энэ кинонд тоглосны жил МУГЖ С.Өлзийхүү эгчийгээ бүтэн жил ээж гэж дуудаж билээ. Гаваа найруулагчийг аашны тулам гэдэг байсан ч намайг нэг ч удаа загнаагүй зураг дуусаж билээ. Хүүхэдтэй ажиллах найруулагчийн ухаан байх л даа…Кино нээсэн өдөр ангийнхан маань бүгд ирчихсэн баяр хүргээд л “АНГИЙН ОХИДООС”нь гэсэн бичигтэй уран зураг бэлэглээд л. Хамгийн их баяртай байсан нь аав минь л байсан даа. -Миний хүүгийн кино нээх нь гээд л Гаваа найруулагчаас ч илүү догдолж явсан хөөрхий…” гэжээ.