Өнгөрсөн зун Монголд аялсан Дональд Трампын хүү Дональд Трамп Жуниортой холбоотой шуугиан Америк дэгджээ. Ерөнхийлөгчийн хүү нь "Triggered" хэмээх хүүрнэлийн төрлийн ном бичиж саяхан худалдаанд гаргасан. NPD Bookscan-гийн мэдээлснээр ном эхний долоо хоногтоо л 70730 хувь борлогдож улмаар хүүрнэл-зохиолын төрөлдөө бэст-сэллэрийн жагсаалтыг тэргүүлсэн. Энэ жагсаалтад хоёрт орсон "Finding Chika” гэдэг ном 30 гаруй мянган хувь зарагдсан байна. Дараагийн долоо хоногт ерөнхийлөгчийн хүүгийн ном 44337 хувь зарагдаж жагсаалтын тэргүүн байраа хадгалсан бол удаад нь орсон "Sam Houston and the Alamo Avengers” ном 23 мянган хувь борлогджээ. Энэ маягаар Дональд Трамп Жуниорын ном бүтэн сар гаруйн хугацаанд шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж иржээ. Харин өдгөө энэ “амжилтын” нууц илэрсэн аж. Ерөнхийлөгчийн хүүгийн номыг аав нь харьяалагддаг Бүгд найрамдах намын Үндсэний хороо 100 мянган доллар зарцуулан худалдаж авсан байжээ. Тэр тусмаа намд хандивлагчдын мөнгөөр худалдан авсан нь шуугианыг улам дэвэргээд байна. Болсон явдалтай холбоотойгоор намынхан тайлбар хийжээ. Ерөнхийлөгчийн хүүгийн ном нь 30 долларын үнэтэй агаад ердөө 3500 хувийг худалдан авсан нь цөөхөн тоо хэмээсэн байна. Намын бас нэгэн албан тушаалтан үнийг нь 50 хувь хямдруулсан тул нийтдээ 7000 хувь захиалсан хэмээн дэмжигчид, хандивлагчдаа тайвшруулах гэж оролджээ.