Үндэсний бөхийн аварга Д.Сумъяабазар, сумогийн аварга Д.Дагвадорж нарын аав ээж, Зууны манлай заан Д.Долгорсүрэн, түүний гэргий Пүрэвбадам гуай хоёрыг монголчууд андахгүй. Дөрвөн хүү, нэг охин төрүүлсэн тэд таван хүүхдийнхээ буянд жаргаж байгаа. Д.Долгорсүрэн заан “Зууны манлай заан”. Отгон хүү Д.Дагвадорж нь Асашёорюү нэртэй Японы мэргэжлийн сумод Монголын сумочдоос хамгийн анх ёкозуна болж, дэлхийд танигдан мандаж явлаа. Улсын аварга бөх Д.Сумъяабазар нь УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажилласан. Одоо Хотын дарга албатай улаанбаатарчуудыг удирдаж яваа.
Хүчтэй хөвгүүдтэй, Догоо зааных юугаарч дутдаггүй, өнгөтэй өөдтэй яваа монгол гэр бүлийн нэг. Ач хүү нь одоо удмаа даган Японд мэргэжлийн сумод барилдаж байгаа.
Асашёорюүгийн ээж Х.Пүрэвбадам гуай алт мөнгө, брэнд болсон буянтай эмэгтэй. Цахимд ч идэвхтэй байдаг. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг Пүрэвбадам гуай гэр бүлийнхээ хүнтэй авахуулсан залуу цагийн нандин сайхан зургаа найзууддаа үзүүлжээ. Тэрчлэн “Залуу байхдаа өвгөнөө гоёх гэж орос дэлгүүрийн өргөстэй хашааг жирэмсэн байж давах гэж байгаад өргөстэй хашаанд өлгөгдөж, нааш ч үгүй цааш ч үгүй дүүжлэгдээд, сүүлд нь хамаг хувцсаа ураад бууж байсан. Том хувцас олдохгүй, орос дэлгүүрээс л олдог байлаа даа. Гэхдээ гоёж чадсан ш дээ” гэсэн хөгжилтэй дурсамжаа хуваалцжээ.