Өнгөрсөн сард цахим орчинг хөгжөөсөн гол үйл явдлын нэг нь Булган Орхон аймаг хамтран ажиллах гэрээ гэгчийг байгуулсан явдал байлаа. Олон нийт шоолж дооглож байсан бол хоёр аймгийн удирдлага ялангуяа Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ энэхүү ажилд маш их ач холбогдол өгч, зохион байгуулалтын өндөр түвшинд хийж хөрөнгө мөнгийг харамгүй цацжээ. Гэрээ байгуулах ёслолын арга хэмжээнд нийт 4,6 сая төгрөг зарцуулсан нь бага мөнгө биш юм. Энэхүү арга хэмжээ нь гадаад улстай байгуулдаг олон улсын гэрээ байгуулах ёслолтой тун адилхан байсан нь бүр ч инээдтэй. Хүндэтгэлийн танхим, зассан ширээ, байрлуулсан туг, өлгөсөн анонс зэргийг харахад ГХЯ-ныхан Булган аймгийн ЗДТГ-ын ажилтнуудаас суралцахад буруудах юмгүй гэмээр. Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг Ерөнхийлөгчийн хүн ч гэдэг. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төрийн тэргүүнтэй төрийн ордонд сүртэй гэрээ хэлэлцээр байгуулсан. Б.Ариун-Эрдэнэ ч өөрийнхөө түвшинд “ерөнхийлөгч” лугаа гэрээ байгуулахаар шийдсэн байж болох юм. Гадаад улстай гэрээ байгуулах эрхгүй тул ойроор нь хөрш зэргэлдээ Орхон аймгийг сонгожээ. Хөвсгөл аймагтай гэрээ байгуулж болох ч Булган нь Орхонтой нийгэм-эдийн засаг, соёлын болон иргэд хоорондын илүү “нягт гүн гүнзгий” харилцаатай гэнэ. Энэ арга хэмжээнд 4,6 сая төгрөг зарцуулсан гэхээр гэрээ байгуулсаны дараа хүндэтгэлийн хүлээн авалт, цайллага болсон нь мэдээж.