БНСУ-ын иргэн Им Жун Ү нь “Бүти” компанийн монгол захиралд компани, газраа залилуулсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Г шалгаж байжээ. Тэрээр шалгах явцдаа “хэргийг хурдан шуурхай шалгаж хохирлын мөнгийг түргэн төлүүлэх” үүднээс 500 мянган төгрөгийн хахууль авсан, мөн хоёр сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт холбогджээ. Цагдаагийн ажилтанд хахууль өгсөн гэх хүмүүс нь солонгос иргэнтэй нэгдмэл ашиг сонирхолтой Г.Баттөр, П.Болортуяа, О.Эрдэнэ баяр нар байсан гэнэ. Тэдний мэдүүлснээр ахлах мөрдөн байцаагч Г.Г нь эхлээд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяр болох гэж байхад “баяр ёслол болох гээд байна тав арван цаасны боломж байна уу” гээд 500 мянган төгрөг авчээ. Үүнээс хойш арав орчим хоногийн дараа ахин яриад “амралт эхлэх гээд байна, эхнэрийн биед эмчилгээ хийлгэх шаардлагатай байна, хоёр сая төгрөг өгөх боломж байна уу” гэжээ. Ингээд П.Болортуяа нь Баттөрд өгөх мөнгөнөөсөө дараа хасаж тооцохоор тохирон тэрхүү хоёр сая төгрөгийг гаргаж өгчээ. Мөнгийг дугтуйд хийгээд ахлах мөрдөн байцаагчийн өрөөнд оруулан ширээн дээр нь тавьсан гэнэ. Мөрдөн байцаалтын шатанд ахлах мөрдөн байцаагч уг мөнгөөр Удирдлагын академийн сургалтын төлбөрөө төлсөн байж магадгүй нөхцөл байдал илэрчээ. Гэсэн ч хахуулийн хэрэг бүрэн нотлогдохгүй байна хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.