Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хорих газраас гараад шууд төрийн ордонд ирж, УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай байдаг гэдэг. Төрийн ордон, шорон хоёрын хооронд ямар зай байдаг юм бол...
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцсэн...
Анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан байдаг. Гэтэл одоо цагаадаад тогтохгүй УИХ-ын гишүүн боллоо. Хэрэв Ж.Эрдэнэбат буруугүй юм бол түүнийг “нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан” шүүгчийг яах вэ???
Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад нь Шадар сайд байсан У.Хүрэлсүх гардан огцруулж, оронд нь өөрөө Ерөнхий сайд болсон явдал ердөө гуравхан жилийн өмнө болсон явдал. "Сэлэмтэй" Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг даалгаврын дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байсан “Хайрхан толгой коал”, “Монгол чадал интернэшнл энержи”, “Баатарван транс”, “Өмнийн говийн баялаг”, “ЕАИ”, “Булаг сүүж майниг”, “Нитросибир азиа”, “Саусгоби сэндс” зэрэг найман компанийн 10 лицензийн үйл ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газраас цуцалсан юм.
Үүн дотор Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа лиценз хууль бусаар хувьдаа авсан лиценз багтаж байв
2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол нар зарим газар нутгийг тусгай хамгаалалтаас нь гаргасан байдаг. Тэгвэл 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг ажиллаж байх үед БОАЖ-ын сайд байсан Д.Оюунхорол зарим газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн аж. Энэ нь Ж.Эрдэнэбат зарим газар нутгийг хуйвалдаанаар авсан гэх хардлага гарч байсан юм. Жишээ нь, Өмнөговийн Гурвантэс суманд лиценз авч “Элбэг орд” компанид шилжүүлээд жилийн дараахан Ерөнхий сайдаас буухдаа төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн “Хэрх-Илч” компани руу таван сая төгрөгөөр уг лицензийг шилжүүлжээ. “Элбэг орд компани нь хятад эзэдтэй гэсэн мэдээлэл гарч байсан. Төд удалгүй уг лицензийг “Алтай констракшн” компанид нэг саяар зарсан байдаг. Ингэж тусгай хамгаалалттай газар нутгийг тусгай хамгаалалтаас нь гаргах нэрээр өөрийн болгосон гэж байлаа.
Энэ мэтээр тусгай хамгаалалтын газраас хумсалж аваад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй эрх мэдэлтнүүдийн компаниудад төр төмөр нударгаа харуулж байна гэж У.Хүрэлсүхийн ажиллагаа олон хүний загатнасан газрыг маажиж, шударга, зоригтой, авлигачидтай тэмцэж байна хэмээн өргөмжилж байлаа.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр шахуу огцорч, нэг үе Ерөнхий сайдаас нь огцруулж, өөрөө оронд нь суусан хүн нь шоронгоос гарч, УИХ-ын боллоо. Сэлэмтэй хурандаагийн сэлэмний ир мохов уу. Эсвэл анхнаасаа Ж.Эрдэнэбатыг хэлмэгдүүлэв үү? Амьдрал алга урвуулахын дайнд өөрчлөгддөг гэдэг ч төрийн, шүүхийн шийдвэр ингэж огцом өөрчлөгдөнө гэж байдаг аа?!!