Б.Ганхуяг захиралтай “Эрдэнэс Тавантолгой” компани 1 тэрбум 85 сая төгрөгийн өртөгтэй офис түрээслэх тендер зарлажээ. Хачирхалтай нь худалдан авах ажиллагааны журамдаа “тендер шалгаруулалтын онцгой журам , гэрээ шууд байгуулах” гэж заажээ. Гэрээ шууд байгуулах үед “эзэн” нь бараг тодорчихсон байдаг агаад сонгон шалгаруулалт нэр төдий болдог. Тэгвэл нэгэнт “ялагч” нь хөшигний цаана тодорхой болсон энэ тендерт оролцогч бусад компани, хувь хүмүүс цагаа дэмий үрж байгаа болж байна. “ЭТТ” ямар офисд тухлах тухайгаа тендерийн бичиг баримтад дэлгэрэнгүй оруулжээ. Офис нь хотын төвийн “А” бүсэд байрлах ёстой л гэнэ, 2700мкв-аас багагүй байх, хоёроос доошгүй цахилгаан шаттай л гэнэ. Тус компани 2020 оны 3-р сард 189 сая төгрөгний тавилгын тендер зарлаж байсан. Тэр их тавилга нь нэг тэрбумын түрээстэй офисд багтах юм байна. Ийнхүү тус компанийн тансаглалын жагсаалт үргэлжилсээр байна. Өмнө нь компанийн гэрэгэтэй логог 89 сая төгрөгөөр хийлгэж байсан. 39,5 саяар компанийн сүлд дуу хийлгэсэн, 30+? сая төгрөгөөр шинэ жилдсэн зэрэг нь компанийн гүйцэтгэх захирлын хувийн зан чанартай холбоотой байж магадгүй. Ийнхүү мөнгөөр туйлсан нэг том компани гарч иржээ. Удахгүй төмөр замын вант улс гэдэг шиг “ЭТТ хант улс” гэж шуугих вий ...