Энэ явдал өнгөрсөн оны 11-р сарын хөл хориогоор болжээ. Хорионд орж ажилгүй болсон гэх Б.Б нь Баянгол дүүргийн Алтай хотхон дахь гэрээсээ өөрийн “bat ...n Burennemeh” гэдэг хаягаар 11-р сарын 14-нөөс 26-ны өдөр хүртэл цахим хуудсаар лайв буюу шууд дамжуулалт хийж хүмүүсийг покер тоглуулжээ. Энэ санаа фейсбүүүкээс цахим покер тоглоом үзээд төрсөн гэнэ. Ингээд бичгийн цаасан дээр покерийн ширээ, суудал зурж бэлджээ. Дараа нь хөзөр худалдан авсан байна. Ингээд гар утсаараа цахим хаягаасаа шууд лайв хийн хамгийн олон хүнтэй фэйсбүүк группууд рүү цацаж эхэлжээ. Тоглох гэсэн хүмүүс суудал болон бооцооны мөнгөө Б.Б-гийн данс руу шилжүүлж улмаар “Техас покер” тоглосон байна. Тоглогчид “Цагаанаа 2,5” гэх утгаар 20 мянган төгрөг шилжүүлдэг. Энэ нь Цагаанаа гэдэг тоглогч 2 болон 5-р суудлыг захиалж буй хэрэг гэнэ. Нэг суудал 10 мянган төгрөгийн үнэд хүрчээ. Ялсан тоглогчид хожлын мөнгийг данс руу нь “Ёндоо” хэмээн шилжүүлж байжээ. Ийнхүү тоглуулах хугацаанд Б.Б нийтдээ 500 орчим төгрөгийн ашиг олсон гэнэ. Шүүх түүнийг мэдээллийн технологийг ашиглан хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглуулсан хэмээн торгох ялаар шийтгэжээ. Мөн ашиглаж байсан Самсунг Эс-8 плас загварын гар утсыг нь устгах шийдвэр гаргажээ.