Авлигатай тэмцэх газраас Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын /ХХҮЕГ/-ын дарга Б.Нямдаваа, дэд даргыг цагдан хориод буй. Учир нь тус газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар нь хууль, холбогдох журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зарим компанид давуу байдал олгож 200 хүртэл сая төгрөг шилжүүлсэн гхэрэгт холбогдсон тухай мэдээлээд байгаа. Уг зээлийг энгийн иргэд, жижиг аж ахуйн нэгжүүдийн гарааны бизнесийг дэмжиж хүүгүй олгох зориулалттай. Нэг төсөлд таван саяас 200 хүртэлх сая төгрөгт тооцож нийтдээ дөрвөн тэрбум төгрөгийг зээлээр олгох санхүүжилтийг шийдсэн байжээ. Хамгийн гол нь дээрх зээлийг олгохдоо зарим компанид давуу байдал үүсгэснээс гадна нэр бүхий УИХ-ын гишүүдийн болон тэдгээрийн хамаарал бүхий компанид олгосон нь асуудлын гол болж, АТГ-т шалгагдах бас нэгэн шалтгаан болсон бололтой. Уг асуудлаар Ерөнхийлөгчийн сонорт зарим баримт очсон, УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээд албан тушаалаа ашигласан байх магадлал ч байгаа бололтой. Энэ тухай яриа МАН-ын бүлэг дотор задарч, ЖДҮ-гийн зээлээр тэрбум, тэрбумаар нь авдаг байсан УИХ-ын гишүүд ажилгүй, энгийн иргэддээ очих ёстой 200 хүртэлх сая төгрөгнөөс ч хулгайллаа гэж буруутгаж байна. Мөн арай жижиг ч “ЖДҮ-2”-ын хэрэг мандлаа гэж эрх баригчид сандарч, иргэд УИХ-ын гишүүд удахгүй орон байрны хулгай хийхвий гэж сууна.
Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга, зарим албан тушаалтныг дээрх сэжиглэл бүхий үйлдлийн улмаас албан тушаалаас нь түдгэлзүүлэхийн зэрэгцээ Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм байна.