Энэ хэргийн тухайд авсан гэх мөнгө нь их биш, ердөө нэгхэн сая төгрөг агаад шүүгч нар холбогдсон гэх Салхитын ордтой огт холбоогүй болно. Ерөнхийлөгчийн зарлигаар эрхийг нь түдгэлзлүүлсэн П.Д өмнө нь Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байжээ. Түүнд мөнгө өгсөн гэх П.О нь нийтийн хоолны чиглэлээр бизнес хийдэг агаад авсан, өгсөн хоёр хоёулаа Өмнөговийн нэг нутгийх гэнэ. Хэрэг 2016 онд болжээ. Мөнгө өгсөн О нь тухайн үед иргэний хэргийн заргатай байсан аж Түүний холбогдсон хэргийг шүүгч Д нь процессийн алдаатай гэх үндэслэлээр 2,5 жилийн дотор гурван удаа анхан шатны шүүх рүү буцаасан гэнэ. О-г Солонгос яваад ирсэний дараа тэр хоёр Өмнөговь аймгийн төвийн “Хайрхан” дэлгүүрт таарчээ. Орой нь шүүгч залгаад эмнэлгийн хашаанд хүрээд ирэхийг хэлүүлсэн. О нь тэр үед улаан машинтай очиход “чи яаж ийм содон машинтай хүрч ирж чадаж байна вэ, ямар аймаар юм бэ” гэж шүүгч сандарсан гэнэ. Үүнээс үзэхэд уулзалтаа нэлээд нууцалж байсан бололтой. Хоёр эмэгтэй хоёр цаг гаруй ярилцжээ. О нь шүүгчийг хэргийг нь нааштай шийдэж өгнө гээд 20-30 сая төгрөг нэхсэн гэдэг бол нөгөө тал нь эрс үгүйсгэдэг. Ингээд эхний ээлжинд сая төгрөгөн дээр “тохиролцжээ”. О нь шилжүүлэхээр шүүгчээс банкны дансыг нь асуухад “чи намайг хоолноос салгах нь уу” гээд инээсэн гэнэ. Мөн тухайн үед Өмнөговьд болох 1000 тэмээний баярт ирэх шүүгчийн хамаатнуудыг хооллоход шаарлагатай аяга тавгийг өөрийн “Далай“ кафегаасаа өгөхөөр болжээ. Маргааш нь шүүгчийн дүү ирж мөнгөө авсан гэнэ. Хэрэг илрэхэд хээл хахуулиас гадна аяга таваг авсан гэх “ёсзүйн” алдааны хэрэг дэгджээ. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн ерөнхий шүүгчид албан тушаалтай холбогдуулан нэг сая төгрөг өгсөн, авсан гэх хэрэг гурван жил үргэлжилэн шалгагдсан. Энэ хугацаанд шүүгчийн ах Б нь мөнгө өгсөн О-г “гөлөг минь” гэх мэтээр нэлээд дарамталсан гэнэ. Саяхан энэ хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэж экс шүүгчийн нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасаад 1,5 жилээр хорих ял оноосон ч тэнсжээ. Мөнгө өгсөн О-г гурван сая төгрөгөөр торгоод хэргээ илчилсэн хэмээн торгох ялаас чөлөөлжээ. Мөн энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.