Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ “Аливаа өрсөлдөөн шударга байх ёстой. “Голомт” банкны Баясгаланд хандаж хэлье. Хөшигний цаанаас нуугаад байхаар ил гарч цэвэр өрсөлдье. Танай банкийг задарч, хагарч байхад манай банк жудагтай, тэнцвэртэй байсан. Тоглоом тоотой нь дээр шүү” гэж хэлж байлаа.
Анх 2019 он “Голомт”-ын Баясгаланд ширүүхэн эхэлсэн. “Алтан Дорнод Монгол” компаний захирал Тордайн Ганболд, Ерөнхий прокурор Д.Дорлигжав хоёрын хооронд 4 сая долларын маргаан өрнөж, Голомт банк хоёр сая долларын гүйлгээ хийсэн гэж байлаа. Авлигатай тэмцэх газраас “Голомт”-ын Д.Баясгалангийн албан өрөө болон хувийн байруудад нэгжлэг хийсэн. Д.Баясгалан 1995 онд Голомт банкийг УИХ-ын гишүүн асан Л.Болд, УИХ-ын гишүүн асан М.Зоригт нартай хамтран байгуулсан. Одоогоос 10-аад жилийн өмнөөс тэд бизнесийн маргааны улмаас Бодь группийнхээ өмчлөлийг хувааж, Д.Баясгалан Голомт банкаа авсан гэдэг. Харин Голомт банкнаас 2 сая ам.долларын авлигатай холбоотой гүйлгээний хэрэг сөхөгдөж гарснаар Д.Баясгаланг АТГ шалгаж эхэлсэн гэж бичиж байлаа. Дуулиантай эхэлсэн энэ асуудал хачирхалтай намжиж, Д.Дорлигжав хэрэг үүрдэггүй, гүтгэсэн бол Тордайн Ганболд нь ч яасан ч үгүй замхарсан.
Харин хавар нь “Голомт”-ын Баясгалан Ерөнхийлөгчийн ойрын хүн болоод зогсохгүй, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг тавихаар болсон. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 276 км төмөр замын ажил удааширсан нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон шүүмжилдэг. Учир нь төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2015 оноос таг зогсож, мөнгийг нь зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэж үзсэн Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан Баянгол зочид буудалд нэгжлэг хийсэн бөгөөд “Түмэн хишигтэн” компанийн зарим ажилтнуудыг баривчилсан нь 2016 оны хавар билээ.
Тэгвэл 2019 онд тус төмөр замын бүтээн байгуулалтын ажил дахин үргэлжилж эхэлсэн юм. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Голомт” банкны Д.Баясгалан гүйцэтгэж буй.
Мөн Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийн санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон гэх. Иймд “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь Интернэшнл” ХХК 2019 оны сүүлээр нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан байж болзошгүй байдаг. Үндсэндээ энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын ажлаас харвал Голомт банкны эзэн Д.Баясгалан Ерөнхийлөгч Х.Баттулгатай Тавантолгой –Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлаар холбогдож, Ерөнхийлөгчийг бараадсан бололтой.
Анх Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 270 км төмөр замыг 547 сая доллар шаардлагатай гэж байлаа. Төлбөрт нь “Чалко” схемээр маш хямдаар нүүрс авдаг гэдэг. Төмөр зам тавих зардлыг Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн нууцад оруулсан. Одоо 600 сая ам долларт хүрч байгаа. Тэр 600 сая долларыг төгрөгт шилжүүлбэл хэр их мөнгө болох нь ойлгогдоно. Төмөр зам барих зардал яагаад төрийн нууц болчихдог юм бол. Харин ч нийт иргэдэд хамаатай баймаар. Учир нь Монгол Улсын иргэдэд оногдох ногдол ашгаар энэ мөнгийг “Голомт”-ын Баясгаланд төлж байгаа. Үүнийг шалгах ёстой гэсэн шаардлага Лүндэгийн Наранбаатараас гардаг. Төмөр зам барих хэтэрсэн зардлыг 2.5 сая хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар очих мөнгөөр санхүүжүүлж байгаа болохоор хэн бүхэнд хамаатай асуудал. Зөвхөн 2020 онд авсан ногдол ашгийн жишгээр тооцоход дахин 8 жил авах мөнгө, 1.7 их наяд төгрөг.
Д.БАЯСГАЛАН НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АШИГ ГАНЦААРАА ХҮРТСЭН
Тэрчлэн Лүндэгийн Наранбаатар “Хятад Монголоос хямд нүүрс авч хожсон. Гурав дахин бага үнээр бид Хятадад нүүрсээ зарсан. "Голомт"-ын Д.Баясгалан болон "Бодь" групп долоон ам.доллараар буюу бага өртгөөр нүүрс авч байна. "Бодь" групп 2.770 сая тонн нүүрсийг зарсан. Энэ хүн 1 тэрбум ам.долларыг ашгийг ганцаараа хүртсэн. Монголоос долларын тэрбумтан төрж байна. Х.Баттулга Оросын даалгаврыг амжилттай биелүүлсэн. Д.Баясгалан найздаа төмөр зам авч өгсөн. Магадгүй би энэ бүхнийг мэдээлснийхээ төлөө шоронд орж магадгүй. Төмөр замын тендерийн талаарх мэдээллийг улсын нууцад хамааруулсан. Хэрэв энэ хэргийг сөхвөл эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Ийнхүү 3.3 сая хохирогчтой хэргийн ялагч нар нь эдгээр хүмүүс. Монгол ялагдчихсан. Монголд баяжуулах үйлдвэр байхгүй Хятад ялсан байна. Оросууд баяжуулах үйлдвэрээ барьж байна. "Голомт"-ын Д.Баясгалан тендергүйгээр төмөр зам барих эрхийг авсан. Найздаа Гавьяат эдийн засагч цол өгчихсөн учир би энэ хоёрыг найзууд гэж хардаж байгаа юм” гэж хэлж байлаа.