alim.mn | 2024.12.22
УИХ-ын 76 гишүүний нэг нь ялтан болж, 10 хувь нь яллагдагчаар татагдаад байна

2016-2020 онд сонгогдсон УИХ-ын гишүүдээс цөөнгүй нь яллагдагчаар татагдсан. Түүгээр ч зогсохгүй бүрэн эрхээсээ түдгэлзэж, гэм буруутай нь тогтоогдож шүүхээс ял авсан хүн ч бий.

Одоогоор яллагдагчаар татагдаад байгаа долоон гишүүн байгаа бөгөөд ЖДҮХС-аас авсан зээлтэй холбоотойгоор таван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор оруулж ирж байв. Харин УИХ-ын гишүүдийн дийлэнх нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ. Яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүд:

1.      УИХ-ын гишүүн Б.Батзориг

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийг албан тушаалаа ашиглан өөрт болон өөрийн хамаарал бүхий хүнд давуу байдаг олгосон хэрэгт буруутгаж байгаа. Тодруулбал Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг хариуцдаг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн эхнэр Л.Отгонжаргалын "Тээвэр ачлал" компани ЖДҮХС-аас зээл авсан билээ. Шүүх хурал энэ сарын 18-нд болсон бөгөөд тэрээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.

2.      УИХ-ын гишүүн Г.Солтан 

Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхээс нь түдгэлзүүлүүлэхээр оруулж ирсэн дөрвөн гишүүний нэг. Г.Солтан гишүүний Хүүгийнх нь компани ЖДҮХС-гаас зээл авсан. Тэгэхдээ зээлийн шалгуур хангаагүй Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага биш юм. Мөн барьцааны материалыг дутуу бүрдүүлсэн байна. Гэвч зээлийн мөнгө УИХ-ын гишүүн Г.Солтаны эхнэрийн данс руу орж банкаар хүүлсэн аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь Малын тэжээлийн үйлдвэр эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид ”Төслийг дэмжиж жижиг дунд үйлдвэрийн сангаас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн албан бичгийг хүргүүлжээ. Ингээд “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргажээ. Энэ нь УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

3. УИХ-ын гишүүн Б.Ундармаа

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт нөлөөлж албан тушаалаа урвуулан ашиглах шийдвэр гаргуулсан. Тухайлбал, ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан “Доктор мейк” ХХК-нд 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

4.  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдэлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн байна. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байна. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү тань өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” хэмжээн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр хэлж байв.

5.  УИХ-ын гишүүн Л.Энхболд

УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон билээ. Тухайн компани нь автомашинаар ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй аж. Ингээд иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлсэн. Үүнийг дэмжин шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас гаргаж өгсөн байна. Уг хэргийг шалгах ажилд түүний бүрэн эрхийг саад учруулна гэж прокуророос үзэж байна хэмээсэн билээ.

6.  УИХ-ын гишүүн Д. Мурат

УИХ-ын гишүүн Д.Муратыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл байдаг. Үүнийг Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Хууль зүй дотоод хэргийн сайд хэлж байсан юм. Тэрээр “Дахин нэг гишүүн яллагдагчаар татагдахаар болчихоод байна. Өөрчлөлтийг хийхгүй бол болохгүй. Тэгэхгүй бол хуулийн байгууллагад дахиад нэг хүнийг яллагдагчаар татсан шалгаж байна. Тэр хүний асуудал орж ирэхийг үгүйсгэхгүй” хэмээн ярьж байсан юм.  Д.Мурат гишүүн Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан мэдээллийг анх "News channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд дэлгэж хүргэсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд хандаж байсан юм.

7.      УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

Түүнийг Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулж яллагдагчаар татжээ. Тэрээр тус хэрэгтэй холбогдуулж гурван удаа мэдүүлэг өгсөн бөгөөд ингэхдээ худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгаж байгаа аж

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ