Засгийн газрын ээлжит бус хурлаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар танилцууллаа.
Ерөнхий сайд: Вакцинд хамрагдах ёстой иргэдийн 26 хувийг буюу 526 550 хүнийг өнөөдрийн байдлаар вакцинд хамруулаад байна. Манай Улс вакцинжуулалтаар Азидаа дээгүүрт бичигдэж байна. Вакциныг үе шаттай татахгүй бол бөөнд нь татах боломжгүй. Учир нь түүний хадгалалт хамгаалалт чухал.
Дэлхий нийтээр вакцины хомсдолд өртөөд байна. Дэлхийн хэмжээнд вакцинд хамрагдах нийт хүний дөнгөж 4.6 хувь нь вакцинд хамрагдсан байна.
Вакцины эхний тунг хийлгэсэн ч халдвар хамгааллаа барьж чадаагүй харамсалтай түүхийг зарим улсууд туулж байна. Тийм учраас эхний тунг хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал байна.
Эхний тунд хамрагдсанаар 18-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг маш сайн анхаараарай. Хоёрдахь тунгаа хийлгэх хүртлээ халдвар хамгааллын дэглэмээ сахиарай. Үүний тулд хатуу хөл хориог тогтоож байна.
Тодруулбал, 04.10-25-ны хооронд 15 хоногийн хатуу хөл хорио тогтоолоо. Хөл хорионы үед иргэн бүртээ 300 мянган төгрөг олгоно.
Энэ хөл хорио сүүлийнх байгаасай гэж хүсэж байна. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж, вакцинжуулалтдаа идэвхитэй оролцож чадвал энэ хөл хорио сүүлийнх байх боломжтой.