Сүүлийн үед олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа нь БХЯ болсон. Тус яам ой тэмдэглэх, хүндэтгэлийн хүлээн авалт хийх, УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүлэх, яамдын ТНБД нарыг цэргийн гутлаар хангах, чөлөөнд байгаа генералуудад орон сууцны дэмжлэг үзүүлэх зэрэгт ихээхэн хөрөнгө зарцуулдаг ч цэргийн албан хаагчдын алба хаах нөхцлийн сайжруулах, дэглэлт, онын ялгааг арилгахад дорвитой анхаарч ирээгүй байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн 3-р сард тэмдэглэж өнгөрүүлсэн Зэвсэгт хүчний 100 жилийн ойд нэг тэрбум тавин есөн сая төгрөг зарцуулахаар сайд Н.Сайханбаярын тушаал гарчээ. Үүнээс ой тэмдэглэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад 50 сая, ойн медаль хийлгэхэд 75 сая төгрөг зарцуулсан байна. Ойн баярын хурлын хурал, хүндэтгэлийн тоглолтонд 49 сая төгрөг төсөвлөжээ. Зургийн цомог гаргах, ном бүтээхэд бараг 100 сая төгрөг тавигдсан гэнэ. Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тактикийн тэмцээнд 21,6 сая, Ерөнхий сайдын нэрэмжит буудлагийн тэмцээнд 19 сая төгрөг төсөвлөгдсөн бол цэргийн албан хаагчдын алба хаах нөхцлийг сайжруулахад тусламжийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс тодорхойгүй тооны зардал тавигдаад өнгөрчээ.