АТГ ээлжит мэдээллээ хийлээ. Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Бяархүү одоогийн байдлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, ЖДҮХС, Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий шүүгчид, УБТЗ-ийн дарга асан Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлсэн гэв. Мөн сүүлийн үед гарч олны анхаарлыг татаад байгаа ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат болон тухайн яамны газрын дарга н.Доржханд нарт холбогдох хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргийг мөрдөн шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт мөн шилжүүлсэн байна.
Төрийн өндөр дээд албан тушаалтнууд холбогдсон хэргийн тухайд ...
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан. Ц. Элбэгдорж, П. Цагаан нар Солонгос улсын иргэдийг луйвардсан асуудал шалгагдаж байгаа юу?
-“Ачит ихт” холбоотой асуудал шалгагдаж байгаа. Мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна.
-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг шалгах ажил ямар шатандаа байгаа вэ?
- АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямааг шалгах ажил үргэлжилж байгаа. Түүнд холбогдох нийт 20 гаруй үйлдлийг шалгаж байгаа. Зөвхөн манай байгууллагаас үл хамааран бусад байгууллагатай хамтран ажиллах асуудал бий. Үүнээс шалтгаалан хэрэг шалгах ажил удааширч байгаа.
-Бөхчүүдийн допингийн асуудлыг танай байгууллага шалгаж байгаа юу?
-Бөхчүүдийн допинг хэрэглэсэн асуудал манайд шалгагдаж байгаа. Үндэсний баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх асуудалд манай мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ асуудал дээр сүүлийн 10 жил буюу 2009-2019 оны хугацаанд шөвгөрсөн 109 хүнээс дахин шинжилгээ авч, Дэлхийн допингийн холбооны БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийгдэж байгаа.
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой асуудалд хэрэг бүртгэлт нээгээд, шалгаж байгаа.
-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ-т шалгаж байгаа. Ямар асуудал дээр шалгаж байгаа вэ?
-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой хэргийг шалгаж байгаа. Албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон асуудлаар шалгаж байна. Тухайлбал, Тост тосон бумын орд болон лицензтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа.
-УИХ-ын найман гишүүн ЖДҮХС-гаас зээл аван өндөр хүүтэй хадгалуулж байсан мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Энэ найман гишүүнтэй холбоотой асуудлыг танайх шалгаж байгаа юу?
-ЖДҮХС-тай холбоотой найман гишүүн гэсэн мэдээлэл тараад байгаа. УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны долоодугаар сарын 24-нд манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Манайх наймдугаар сарын 1-нд хариуг хүргүүлсэн. Үүнд ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН-үүд дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай холбоотой 11 иргэн, ААН байгааг тогтоож, уг ААН-үүдэд мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл, санхүүжилт авсан ААН-үүд дундаас 34 нь ББСБ, ХЗХ-той ямар нэгэн байдлаар холбоотой. Үүнээс 11 нь албан тушаалтантай холбоотой гэсэн үг.
Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдсоныг шалгаж байгаа. Найман УИХ-ын гишүүн гэдэг зүйл байхгүй.
Хуулийн байгууллагуудын удирдлага, шүүгч холбогдсон хэргийн тухайд ...
Прокурор асан Д.Дорлигжавын хэрэг шалгагдаж байгаа юу?
–Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарт холбогдох хэрэг шалгагдаж байгаа.
-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн?
-“Салхитын мөнгөний орд”-той холбоотой зургаан шүүгчийн асуудлыг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгч нарыг өөр гэмт хэрэгт холбогдуулаад шалгаж байгаа асуудал бий. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс гадна өөр бусад гэмт хэрэгт холбогдсон шүүгчдийг шалгах ажил явагдаж байгаа.
-Хөгжлийн банктай холбоотой асуудлаар ... ?
-Хөгжлийн банктай холбоотой олон асуудал бий. Хөгжлийн банк гээд дангаараа хэрэг байхгүй. Тус банкны санхүүжилт түүнээс гарсан зээлтэй холбоотой асуудлууд шалгагдаж байна. Энэ хүрээнд хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг Худалдаа хөгжлийн банкнаас 27.8 тэрбум төгрөгөөр байр авсан гэх асуудал хэвлэлээр гарч байсан. Энэ хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.
-С.Төмөрбат шүүгчийг хилийн чанадаас авчирсан уу?
-С.Төмөрбат шүүгчийг авчрахаар ажиллаж байгаа.