Энэ хэрэг Хөвсгөл аймгийн Галт суманд гарсан. Сумын Төрийн банкны салбарын эрхлэгч Т.Б нь 5-р багийн иргэн Г.Б-г “А” дансандаа 63 толгой малтай байхад 490, иргэн Я.Н-ийг “А” дансандаа 95 толгой малтай байхад 265 толгой малтай мэтээр хуурамч баримт үйлдэн нийт 20 сая төгрөгний зээл гарган мөнгийг хувьдаа ашиглажээ. Хохирсон малчид малчны зээл “авсан”-аа огт мэдээгүй явжээ. Иргэн Г.Б-г сумын төвд Төрийн банкны хажуугаар өнгөрч явахад банкны ажилтан дуудан малчныы зээлээ төлөхийг сануулснаар энэ хэрэг илэрчээ. Гайхсан малчин банкны эрхлэгч дээр ороход тэрээр “санаа зоволтгүй, би төлнө” гэжээ. Гэсэн ч төлөөгүй агаад төлөхийг нотолсон бичгийг гуравантаа гаргаж өгөөд ч төлөөгүй аж. Сүүлдээ улаан цагаандаа гарч “нутгийн хүн байна, та зээлийн таван саяыг төлчих, би дараа нь танд төлнө” гэжээ. Малчин эр үүнд нь итгэн зээлний талыг төлсөн боловч банкны эрхлэгч зальджээ. Нөгөө иргэн мөн л зээл авахаар тооны малтай биш ч ятган итгүүлээд нэр дээр нь зээл авчээ. Салбарын эрхлэгч малчдын нэр дээр авсан зээлээ үрэн таран хийгээд дуусгажээ. Төрийн банк нь хонин толгойд шилжүүлснээр 100 толгой хониноос дээш тооны малтай иргэдэд л зээл олгодог гэнэ. Зээл олгохдоо нэг үхрийг зургаан хонь, нэг адууг таван хонинд бодож тооцдог аж.