Цар тахлын үед дуучид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчид гээд урлагийнхныгаа дэмжсэн нэгэн “буянтай” сайхан тендерийг СУИС зарлажээ. Тус сургууль Монгол улсад боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилд зориулсан дуу, клип бүтээх 40 сая төгрөгний өртөгтэй тендер зарлажээ. Тендерий бичиг баримтанд зааснаар дуу бүтээхийг Засгийн газрын “Ой тэмдэглэх тухай” А/250 дугаар тогтоолд заасан юм байх. Дуу нь азаар сайд, дарга, яам сургуулийн тухай биш харин багшийн тухай байж таарчээ. Бүтээлд тавигдах шаардлагын хувьд энгийн, олон нийт дуулахад тохиромжтойн дээр олны хүртээл болох түвшинд зохиогдсон байх ёстой. Одоогийн байдлаар ийм дуу гаргах уран бүтээлч ч ховорхон биз. Үүнийг харгалзаж үзээд багшийн тухай хуучны алдартай дууг орчин үеийн хөгжмийн найруулгаар шинэчилж болохоор оруулжээ. Үүнийг хөгжим оролддог хэн ч чадах тул тендерт оролцох оролцогчдыг “олонд танигдсан уран бүтээлтэй байх” хэмээн хязгаарласан байна. Энэ шалгуураар зохиолын дууны “архагууд” гэж хэлж болох хэдхэн л нөхөд оролцож болох бөгөөд тендер нь тэдэнд зориулагдсан гэдэг нь харагдаж байна. Цар тахлын улмаас урлагийнхан орлого муутай байгаа тул нэлээд ширүүн “өрсөлдөөнтэй” басхүү хэл амтай ажил болох нь дээ ... Ямар нэгэн ой болоход түүнд зориулсан дуу, клип бүр кино хийдэг нь хэвшмэл зүйл болжээ. Харамсалтай нь ой өнгөрмөгц дуу нь мартагдаад л дуусдаг. Манайд багшийн тухай хуучны олон алдартай дуу бий бөгөөд өдгөө тэднийг давж гарах бүтээл төрөхгүй нь бараг л ойлгомжтой баймаар юм.