
Оросын "ЧВК Вагнер" компаний хөлсний дайчид сүүлийн хоёр сар Мозамбикийн жихад- босогчдод дараалан ялагдаж ухарч байна. Кремльтэй холбоотой гэгдэх тус компаний 200 цэрэг бүтэлгүй дайралт, отолтноос арван хэдэн хүнээ алджээ. Лалынхан алагдсан оросуудын цогцосыг зэрэмдэглэж заримых нь толгойг тасдсан тохиолдол гарсан. "ЧВК Вагнер"-ийн хөлснийхөн гурван сарын өмнө Мозамбикийн хойд нутагт ирсэн ч эсрэгээрээ тус бүсэд босогчдын идэвхи эрс дээшилсэн нь гайхалтай. Оросын хөлснийхэн Засгийн газрын цэрэгтэй үйл ажиллагаагаа зохицуулж байгаа хэдий ч бие биенээ андуурч галлан хохирол учирсан хэрэг хэдэнтээ гарсан. Үүнээс болж тэдний харилцаа хүйтэрчээ. Мозамбик хэмээх Африкийн хамгийн тогтворгүй орны далайн эргийн нутагт байгалийн хийний асар том орд олдсон. Босогчид одоо энэ ордтой ойролцоох Кабу-Делгаду мужийн ширэнгэн ойд шилжин төвлөрөөд байна. Дэлхийн том хувийн цэргийн компани болох «Экзекьютив ауткамз» (Executive Outcomes)-ийн эзэн 63 настай Эбен Барлоу (Eeben Barlow) нь «Таймс» сонинд ярилцлага өгөхдөө “жихад- босогчдыг орос арга хэлбэрээр дарах гэсэн ажиллагаа сайн үр дүнд хүргэсэнгүй” гэсэн нь бодит байдлыг үнэнээр нь харуулсан. Зөвхөн энэ 11-р сард л гэхэд босогчид үр дүнтэй 25 ажиллагаа явуулсан байна. Өмнөд Африкийн БНУ-ын терроризмын шинжээч Жасмин Опперман (Jasmine Opperman)-ы баталсанаар “оросууд мухардмал байдалд орж, ашиглуулж байгаа мэт сэтгэгдэлд автаад байгаа” гэнэ. “Тэднийг ирэнгүүт нь л хамгийн хүнд газар луу явуулсан, гэтэл дайсан нь улам бүр хүчирхэгжсээр байна” гэжээ. Өнгөрсөн 8-р сард Мозамбикийн еөрнхийлөгч Ньюси (Nyusi) Москвад айлчилж Путинтэй эрчим хүчний болон аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ айлчлалын дараа л "ЧВК Вагнер"-ынхан Африкийн энэ улсад ирсэн. Оросыг судалдаг судлаач Марк Галеотти (Mark Galeotti)-ын мэдэгдсэнээр аюулгүй байдлын зах зээлийн салбарт энэ компани Африкийн улсуудын удирдагч нарын дунд нэр хүндтэй байдаг гэнэ. "ЧВК Вагнер"-ийг Путины “тогооч” гэгддэг Евгений Пригожин байгуулсан. Иймэрхүү компанийг Москва нь Африк мэтийн газруудад өөрийн нөлөөгөө тогтоох, хамгаалахад ашигладаг. Одоогоор энэ компаний хөлсний цэргүүд Судан, Төв Африкийн БНУ, Ливи, Сирид ажиллаж байна. Судлаач Марк Галеоттигийн мэдэгдсэнээр үйл ажиллагаа нь өргөжихийн хэрээр компаний хохирол ихэсжээ. Тиймээс компаний удирдлага шинэ хүн элсүүлэх шаардлага, журмаа нэлээд зөөлрүүлсэн аж. Мозамбикийн Засгийн газартай байгуулах босогчдыг дарах гэрээний төлөө орос өрсөлдөгчдөө ялагдсан компани нь цагтаа Родезийн тусгай хүчинд алба хашиж байсан Жон Гартнер (John Gartner)-ын «OAM» юм. Тэрээр «Таймс» сонинд өгсөн ярилцлагадаа мозамбикуудад сарын нэг хүний 15-25 мянган долларын өртөгтэйгээр 50 цэрэг өгөх санал тавьсан гэжээ. Тэрээр “оросууд манайхаас бага үнэ хэлээд гэрээг авсан ч ажлын цар хүрээ, хэмжээг дутуу үнэлсэн нь одоо харагдаж байна” гэв. Сүүлийн хоёр жилд босогчид 300 удаагийн халдалга, дайралт үйлдэж энгийн голдуу 450 хүн алагдсан. Харин Засгийн газар далайн эргийн Кабу-Делгаду мужийн байгалийн хийн ордыг ашиглахаар гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ хийж байгаа үед жихадуудыг маш хурдан дарах шаардлагатай болсон. Гэхдээ эрх баригчид сүүлийн жилүүдэд босогчдын эсрэг шийдэмгий арга хэмжээ авалгүй явсаар иржээ. Түүнээс гадна 2,3 сая хүн амтай энэ муж нь алслагдсан, нэн ядуугийн дээр хүн амых нь тал хувь лалын шажинтнууд тул дарахад тун хүнд гэдэг нь илт байна.
Эх сурвалж : Bloodshed and retreat from
