Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2021.04.16/ болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Тус хуралдаанд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй хуралдахаар товложээ. Гэвч Цэцийн гишүүн Н.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсан учраас хуралдааныг хойшлуулж, товыг жич зарлана хэмээн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг дэхь заалтууд нь дараах байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусчээ.
- 3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг,
- 5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
- 5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.
- 26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
- 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх.
- 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх.
- 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх. гэж заасан байдаг аж.