alim.mn | 2024.12.27
Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга 10 кг цагаан будааны хахууль авсан гэж тогтоогджээ

Мэргэжлийн хяналтыхны дэргэд гаалийнхан хахууль авах гэж “гурилддаг” аж. “Оймс” Н.Баярсайханы зөвхөн оймсноос 10 мянга гаруй доллар гарч ирж байсан бол “хөөрхий” гаалийнхан хоол хүнсний зүйл авдаг юм байна. Өнгөрсөн онын намар Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай шуугиан дэгдсэн. Орлогч даргатан нэгэн зоогийн газарт нэр бүхий аж ахуй нэгжийн захирал, ажилтантай уулзан, авлига авах гэж байгаад баригдсан бол энэ хэрэгт холбогдуулан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонгыг мөн шалгаж эхэлсэн хэмээн мэдээлж байв. Гэхдээ орлогч дарга олны хөлийн газар хахууль өгөгчтэй уулзаагүй аж. Харин ч нууцхан газар буюу Дуурь бүжгийн эрдмийн театрын автомашины зогсоолд машин дотор 10 кг цагаан будаа, 1,5 сая төгрөг авсан гэж мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Орлогч даргаас гадна мөн газрын гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч хоёр холбогдсон. Тэд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан Анги /АБТЭМА/-ИЙН терминалын байрны ариун цэврийн өрөөнд гэх мэт газар 50-100 мянган төгрөгийн хахууль авсан гэж тогтоогдсон нь мэргэжлийн хяналтыхны хувьд цайны л мөнгөнд тооцогдох байх. Экс орлогч дарга болон байцаагч нарт Солонгосоос нэг чингэлэг бараа оруулж ирсэн иргэн Б.Т хахууль өгсөн гэжээ. Хахууль өгөхдөө барагаа жинлүүлэхгүй гаргах зорилго агуулсан байна. Орлогч даргад өгсөн хахуулиас нь үзэхэд цагаан будаа оруулж ирсэн байж магадгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ