Өвөрмонгол эмэгтэй Тогосоо, хятад иргэн Тан Тэ Юэн нар нь гэр бүл агаад Монголд бизнес эрхэлдэг. Нөхөр нь машин барьж яваад Сонсголонгийн гүүрний дэргэд монгол эмэгтэйг дайрч амь насыг нь хөнөөсөн. Энэ хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч ажиллаж байсан цагдаагийн хошууч цолтой Б.О шалгасан. Шалгах үеэс эхлэн “миний хэлсэнээр бай, өмгөөлөгч авах бол надад хэл, би зохицуулна, талигаачийн ар гэрт өгөх оршуулгын зардлын 20 сая төгрөгийг гарга” гэх зэргээр захирангуй харьцсан гэнэ. Хэрэг хийсэн хятад иргэд ч хэлсэнээр байсан бололтой. Тан Тэ Юэн нь эхнэрийнхээ үйлдвэрийн монгол ажилчин Ган-Очирыг дагуулан байцаагчтайгаа уулзахаар замын цагдаа дээр очжээ. Тухайн үед байцаагч нь Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэсэгт шилжин байрлаж албанаас өгсөн тавилгыг нэлээд голонгуй байжээ. Тэгээд үйлдвэрийн ажилчин монгол залууг урдуур хойгуур гүйгээд байхаар нь тавилганы үнэ “судлахыг” хүссэн гэнэ. Монгол ажилчин хэлсэнийг нь хятад иргэдэд дамжуулахад тэд зөвлөлдөөд авч өгөхөөр шийдэн “Мишээл” төв рүү явжээ. Тэндээс 1,4 сая төгрөгийн үнэтэй албан өрөөний тавилга худалдан авч байцаагчийн өрөөнд угсарч тавьжээ. Ийнхүү байцаагч албан өрөөндөө шинэ тавилгатай болжээ. Хамт ажиллагсаддаа “эхнэрийнхээ ажлаас түр авсан” гэж тайлбарласан агаад гэр бүлийн хүн нь нэгэн дүүргийн ЗДТГ-ын дарга тул итгэсэн аж. Хятад иргэд байцаагчийг тавилга авахуулаад дээр нь хувьдаа цагдаагийн баярын нэг сая, мөн 20 сая төгрөг нэхсэн гэдэг. Энэ мөнгөний талаар хоорондоо зөвлөлөдөхөд хятад гэр бүлийн найз Юан oвoгт Ибао нь “одоо 20 сая нэхэж байгаа юм чинь дараа нь 200-300 саяыг нэхвэл яана” гээд болиулжээ. Харин 20 сая төгрөг нэхсэнийг экс байцаагч эрс үгүйсгэсэн ч албан өрөөндөө тавилга авахуулж ёс зүйн алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрсөн гэнэ. Болсон явдлыг хэн дээшээ “матсан” нь тодорхойгүй үлджээ.