alim.mn | 2024.12.27
Баянзүрхийн ЗДТГ-ын “попролт” буюу нэгхэн тогтоолыг сая орчим төгрөгөөр сурталчилсан нь ...

Төрийн албанд попролт улам бүр газар авсаар байна.  Тэд үйл ажиллагаанаас илүүтэйгээр иргэдэд таатай шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ ажил болгож амжаагүй байхад сурталчилах, дэвэргэхэд төсвийн их хөрөнгийг их бага хэмжээгээр үр ашиггүй зарцуулж байна.  Энэхүү илүүц сурталчилгааны цаана дарга нарын өөрсдийгөө таниулах, нэр хүндээ өсгөх далд санаа давхар агуулагдаж байгаа биз ...  Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын 15-р хуралдаанаар дүүргийн ЗДТГ-ын байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэж энэхүү  шийдвэрийг иргэдэд сурталчилан таниулах ажилд  980 мянга буюу бараг сая төгрөгний зардлыг төсвөөс гаргажээ.  Дарга нарын засагладаг том байшинг хүүхдүүдэд өгөх болсон нь үнэхээр “гайхамшиг”  бололтой. Гэхдээ манайд сургууль эмнэлгээс илүүтэйгээр яам, тамгын газар цагдаа цэргийхний байр сав өндөр, тансаг гоё ганган баригдаж буйг иргэд шүүмжилсээр байгаа.  Төрийн албаны  том обьектуудыг олон нийтийн хэрэгцээнд шилжүүлэх нь хийгдэх ёстой л ажлын нэг байсан. Харин үүнийг далимдуулаад Баянзүрхийн ИТХ-ын төлөөлөгчид, дарга нар хажуугаар “попроод” авахаа мартаагүй аж.  Дүүргийн тамгын газрын байрыг 100 ортой хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг өмнөх сонгуулийн үед буюу  ИТХ-д АН олонхи байх үед гаргасан.  Харин одоогийн дарга нар тэрхүү шийдвэрийг их хэмжээний мөнгөөр сурталчилсан нь  энэ ажлыг өөрсдийн нэрэнд наахаар шийдсэн гэх хардлагыг төрүүлж байна. Олон нийтэд таалагдах шийдвэр бүрээ сая төгрөгөөр сурталчилаад байвал бодит ажилдаа зарцуулах хөрөнгө үлдэх болов уу ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ