Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах, тамирчин болжээ. Эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг, 27 настай тэрбээр иргэншлээ сольж, Монголын тамирчин болоод зогсохгүй энэ сарын 12-14-нд БНХАУ-д болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн байна. Ираны Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосноос Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй. ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно.Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдэж байжээ.