alim.mn | 2024.12.22
Цагдаа эмэгтэй гэмт бүлэглэлийн толгойлогчид “хайр зарлаад” урхидан баривчилжээ

55 настай Балкишан Чоби (Balkishan Chaubey)-гийн гэмт бүлэглэл нь Энэтхэгийн Мадхья-Дардеш мужийг сүүлийн гурван жилийн турш айдаст түгшүүрт автуулж иржээ. Энэ бүлэглэлийг аллага, зэвсэгт дээрмийн доод тал нь 16 үйлдлээр цагдаа эрэн хайж байв. Дээрмийн бүлгийн толгойлогч нь Мадхь-Дардашын хажуугийн Уттар-Прадеш мужийн Бижури тосгоноос гаралтай аж. Тэрээр энэ оны намар нийтийн тээврийн автобусанд хүн хөнөөгөөд зугтсан тул гэмт этгээдийн талаар мэдээлэл өгсөн хүнд өгөх шагнал нь 10 мянган рупий буюу 37 сая төгрөг болж өссөн. Чоби нь маш сэрэмжтэй нэгэн тул бүлэг нь байрлалаа байнга сольдогоос болж цагдаа барьж чадалгүй уджээ. Удалгүй цагдаагийн нууц мэдээлэгч хижээл настай толгойлогч ганц бие амьдралаас уйдаж гэр бүлтэй болохоор шийдэн эхнэрээ хайж эхэлсэн тухай мэдээлжээ. Цагдаа энэ мэдээлэл дээр ажиллахаар шийдэж  тусгай ажиллагаа боловсруулжээ. 29 настай цагдаа эмэгтэй Мадхави Агнихотри (Madhavi Agnihotri) нь Радха нэрээр нийтийн цахим сүлжээнд холбогдож нас тогтсон тохитой эртэй гэрлэхээр пост оруулжээ. 55 настай бол бүр сайн гээд өөрийн хуучин зургаа оруулж цагдаагийнхан энэ постийг цахимаар өргөнөөр цацжээ. Энэ үед Чобигийн гар утасны шинэ дугаарыг олж авсан нь их нэмэр болжээ. Цагдаа эмэгтэй гэмт этгээд рүү залгаж өөрийгөө танилцуулан яриад дугаар андуурсан болж жүжиглэжээ. Чоби дугаар андуурсан эмэгтэйн мэдээлэл, постыг цахимаас олж үзээд эргээд залгасан байна. Ингээд гэмт хэрэгтэн, цагдаагийн ажилтан хоёр цахимын найз болжээ. Долоо хоног эрчимтэй харилцсаны эцэст тусгай ажилтан эмэгтэй гэрлэх хүсэлтэйгээ “ичингүйрэн” хэлэхэд Чоби дор нь зөвшөөрсөн байна. Цахимаар “дурлалцсан” хос 11-р сарын 28-ны өдрийн орой Чобигийн төрсөн тосгоны сүмд уулзахаар болзжээ. Гэмт этгээд залуу бүсгүйтэй гэрлэх тун их хүсэлтэй байсан тул яг цагтаа иржээ. Харин түүнийг романтик болзооны оронд цагдаагийн отолт хүлээж байсан. Уран аргаар аюултай гэмт хэрэгтэнг баривчилсан нь  цагдаагийн тун амжилттай ажиллагааны нэгд тооцогдож Энэтхэгт ихээхэн шуугиан тариад байна.

Hindustan Times 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ