Одоогоос жил гаруйн өмнө Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор үндсэн гурван чиглэлд ажиллахаар төлөвлөсөн гэдгээ айлдсан. Энэ гурван чиглэлийн нэг нь агаарын дүүжин тээвэр гэв. Барих хоёр чиглэлийг Зайсангийн Миний дэлгүүрээс Хүүхдийн ордон хүртэл, Баянхошуунаас III, IV-р хорооллын эцэс хүртэл гэж тогтоосон. Дээрхи хоёр чиглэлд агаарын зам тавих нийт өртөг зардал нь 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөг болж байгаа бөгөөд Улаанбаатар хотын захиргаа болон ПОМА компани хамтран хэрэгжүүлэх гэнэ. Хот өөрийн талаас уг төслийг хэрэгжүүлэх “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөг” гэдэг нэгжийг байгуулсан. Тэгвэл уг төслийн шилэн дансны мэдээлэлд өнгөрсөн онын 8-р сард Францын “Пома” компанид 16,1 тэрбум, “Эжис рейл” группэд зургаан тэрбум нийт 22,2 тэрбум төгрөгийг урьдчилан шилжүүлсэн гүйлгээ оржээ. Ийм их мөнгийг гадаадын компанид шууд өгөх ёсгүй бөгөөд тендер зарлагдсан байх ёстой. Тэгвэл тендер хэзээ хаана зарлагдаад улмаар дүгнэгдсэнийг хотын дарга нар төслийн удирдлага олон нийтэд мэдэгдэх ёстой. 2020 онын 6-р сард хотын дарга С.Амарсайхан төслийг хэрэгжүүлэх Франц улсын "Пома" группийн дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Фелли Фабиан тэргүүтэй төлөөлөгчид уулзсан.