АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай мэдээлэл цацагджээ. Түүнийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр Монгол улсын ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хэрэг өдгөө прокурорын шатанд хянагдаж буй. Ч.Сайханбилэгийн тухайд мөрдөн байцаалтын шатанд хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр болж энэ хүсэлтээ шүүхэд гарган улмаар АТГ-д мэдүүлжээ. Гэвч түүнийг ирэх хугацаа хоёр удаа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг өгөв.