alim.mn | 2024.12.27
Барилгын мэргэшил олгох ТНБД-ын тушаалын хавсралтыг сольсон хэргээр БХБЯ-ны хуулийн хэлтсийн ажилтан халагдсан ХЭРГЭЭС ...

Төрийн албаны бүх шатанд бүлэглэх, хуйвалдах явдал газар авсаныг энэ жишээн дээрээс харж болох нь ... БХБ-ын сайдын тушаалаар барилгын салбарын ажилтныг давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо” ТББ-д шилжүүлсэн бөгөөд тус байгууллагаас зохих сургалтыг явуулж, шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг шинээр олгох болон дахин сунгах санал, тушаалын төслийг холбогдох материалын хамт яаманд ирүүлдэг журамтай. Яам материалыг шалгаад ТНБД-ын тушаалаар мэргэшлийн зэрэг олгож харин Барилгын хөгжлийн төв нь гэрчилгээг шивж ирүүлснээр гарын үсэг зурагдаж, тамга даран баталгааждаг гэнэ. Тэгвэл өнгөрсөн оны эхээр үүнтэй холбоотой том будлиан гарчээ. Холбооноос  яаманд мэргэшлийн зэрэг олгох ажилтан, албан хаагчдын нэрс, холбогдох материалыг ирүүлснд яам зэрэг шинээр олгох, сунгах асуудлыг шийдвэрлэж ТНБД нь тушаал гаргажээ. Тушаалыг хоёр хувь хэвлэж, албажуулан Хуулийн хэлтсийн тушаал, шийдвэрийн бүртгэл хариуцсан ажилтан Амартүвшин дугаар тавин, тушаалын хавсралтуудад “Хуулийн хэлтэс" гэсэн дардсыг дарж нэг хувийг тус хэлтэст үлдээн нөгөө хувийг ажлын хувьд ашиглахаар Бодлого, төлөвлөлтийн газрын даргад хүлээлгэн өгсөн байна. Мөн тушаал Барилгын хөгжлийн төвд очиж гэрчилгээ хэвлэгдэн ирэхэд тушаалын хавсралтанд ороогүй хоёр хүний  гэрчилгээ гарч иржээ. Ингээд яамныхан Барилгачдын холбооноос  ирүүлсэн шалгалтын дүнгийн хуудас, шалгалтын дүн баталгаажуулах хуудас зэргийг  шалган үзэхэд мэргэшлийн зэрэг олгох шалгалтад огт ороогүй Тодцэцэг, ТНБД-ын  тушаалын хавсралтад нэр нь мөн  ороогүй Ганболор нарын нэрийг шинээр нэмж оруулсан тушаалын хавсралт хувийг Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн нь тогтоогджээ. Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн бөгөөд Мэргэшлийн зэрэг олгох шалгалтын комиссын нарийн бичгийн даргын яаманд гаргаж өгсөн тайлбараар өмнө нь тус төвд ажиллаж байсан Байгалмаа утасдаж дээрхи хоёр хүнийг шалгалтанд “дэмжиж” өгөхийг гуйжээ.  Гэсэн ч тэд “дэмжигдсэнгүй”. Шалгалтын дүнг яам руу явуулсаны дараа Байгалмаа ахин залгаж “хуулийн хэлтсийн Амартүвшинтэй яриад үзье” хэмээн хэлсэн байна.   Тэр хоёр өмнө нь хамт ажиллаж байсан аж.  Ингээд л илбийн юм шиг ТНБД-ын тушаалын хавсралт солигджээ.  Гэхдээ тав алхаад л баригдах тун  явуургүй аргаар хийгдсэн. Тушаалын хавсралт сольсон нь илэрсэний дараа  яаман дээр томхон хэмжээний “мөрдлөг” хийгдэж, ТНБД-ын өрөөнд “байцаалт” явагдсанаар  буруутан нь Хуулийн хэлтсийн Амартүвшин болж тэрээр ажлаасаа халагдсан гэнэ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ