МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар мэдэгдэл хийлээ. 100 жилийн өмнө нэг сууринаас эхэлсэн, нэг түүхтэй намуудын хувьд улс төрийн байр суурийн зөрүү арилж буйг онцолсон. Нэгдмэл байр сууриар хамтран зүтгэж, бусад намуудтайгаа эх орныхоо эрх ашгийг хангахын төлөө ажиллах шаардлагатайг тэмдэглэсэн юм.
Намууд нэгдэхэд гишүүд, дэмжигчид гол үүрэг гүйцэтгэж буйг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга М. Тулгат онцлоод, нэг зүгт харж урагшлах нь ирээдүйн хөгжил, дэвшилд түлхэц болохыг тодотгов.
МАН-ын ахмад гишүүд болох Монгол улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, Д.Цэвээнжав, Ө.Дорждэрэм, Ч.Хурц тэргүүтэй эрхмүүд 2014 оноос хойш удаа дараалан хоёр намыг нэгтгэх асуудлаар уриалга гаргаад байв. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 3-нд энэхүү урилгыг дахин дэвшүүлсэн юм.
2010 оны 11 дүгээр сард МАХН хуучин нэрээ сэргээж, МАН болох шийдвэр гаргасныг эсэргүүцсэн тус намын хэсэг нь МАХН-ыг бие даан байгуулснаар тусдаа үйл ажиллагаагаа явуулж өдий хүрсэн юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, УИХ-д суудалтай улс төрийн намаас сонгуульд нэр дэвшүүлэхээр заасан байдаг. Тэгвэл УИХ-д эрх баригч МАН-тай МАХН нэгдсэнээр, дундаасаа нэг нэр дэвшигч дэвшүүлэх болж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр:
Монголд улс төрийн хүчин үүсэн байгуулагдсны 100 жилийн ой болж байна. 100 жил гэдэг их зүйлийг бодогдуулж байна. Үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр намын хувьд 100 жилийн босгон дээр нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх түүхэн боломжийг бидэнд цаг хугацаа олгож байна. МАН-ын нөхдүүд ухамсартай байр суурь баримталж, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаад би маш их баяртай байгаа. Манай намын гишүүд ч баяртай байгаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Нам нэгдэх процесс амжилттай үргэлжилж байгаа. Энэ цаг үед хоёр намын нэгдэх асуудал хэн нэг хүний эрх ашгаас дээгүүр тавигдаж байгаа. Үүнийг ажил хэрэг болгох ажлыг ойрын өдрүүдэд эхлүүлнэ. Хоёр намын зүгээс хамтын ажиллагааны гэрээ байгуулж, намын их, бага хурлуудаа хийж, нэгдэх үйл явцыг ажил хэрэг болгоно.
“Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч тодруулах уу. Сонгуульд хэрхэн оролцох вэ” гэдэг асуултад тус намын дарга Н.Энхбаяр “Хуулийн дагуу УИХ-д суудалтай нам эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Бид УИХ-д байгаа 62 нөхөдтэйгээ угсаа гарал, үүх түүх, үзэл баримтлал нэгтэй. Тиймээс энэ удаагийн сонгуульд МАХН өрсөлдөхийн төлөө биш эвлэлдэх байр суурь баримталж оролцоно. Нэг нам болохоор зорьж байж сонгуульд өрсөлдөнө гэдэг утгагүй зүйл. Бидэнд нэр дэвшүүлэх бололцоо байгаа ч гэсэн эх орныхоо эрх ашгийг бодож МАН-аас нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж сонгуульд оролцоно.