1996-1999 оны хооронд 20 гаруй удаа аллага, зэвсэгт дээрэм хийсэн Фа Цзыин болон түүний найз бүсгүй Лао Рончжи нар нь Хятадын “Бони Клайд хоёр” хэмээн алдаршсан. Хос хоёр мөнгөтэй хүмүүсийг олж судлаад харгис хэрцгий аргаар хөнөөн эд хөрөнгийг нь дээрэмддэг. Мөн айлган сүрдүүлж мөнгө гаргуулж авдаг байжээ. 1999 онд Фа Цзыин нь Хэфей хотын нэгэн чинээлэг иргэнийг дарамтлан 10 мянган юань нэхэж байгаад цагдаад баригдсан. Цагдаа байрлаж байсан байшинг нь бүслэн дайрах үед гэмт хэрэгтэн хөлөндөө шархадсан. Хуулийнхан янз бүрийн арга хэрэглэсэн ч түүнээр Лао Рончжигийн нуугдаж байгаа газрыг хэлүүлж чадаагүй. Тэр жилдээ Фад дээд хэмжээ оноогоод ялыг гүйцэтгэжээ. Найз залуугаа цаазлуулсаны дараа Лао усанд хаясан чулуу мэт алга болжээ. Цагдаа нар “Бони”-г 20 жил идэвхитэй хайсны эцэст царай таних системийн ачаар өнгөрсөн сард Хятадын зүүн-өмнөд зүгийн Сямынь хотоос баривчилсан байна. Одоогоос гурван жилийн өмнө оргодол Лаогийн мэдээллийг Үндэсний ажиглалтын албаны дата баазад оруулсанаар Хятад даяар суурилагдсан хэдэн зуун сая ажиглалтын видео камер гэмт этгээдийг хайж эхэлжээ. Ингээд өнгөрсөн сарын 27-нд Сямынь хотын нэгэн худалдааны төвөөс илрүүлсэн байна. Маргааш өдөр нь цагдаа Лаог уг худалдааны төвийн цаг зардаг лангуунаас баривчилжээ. Баривчлах үеэр тэрээр өөрийгөө Нанкин хотоос гаралтай Хонг хэмээн мэдүүлжээ. Гэхдээ ДНК-ийн шинжилгээгээр 20 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан “Бони” мөн болох нь тогтоогдсон. Өдгөө 45 нас хүрсэн дээрэмчин эмэгтэй энэ хугацаанд хуурамч нэрээр баар, зоогийн газарт зөөгчөөс эхлээд цагийн ажил хүртэл хийж явжээ. Өнгөрсөн 11-р сарын эхээр Сямынь хотын нэгэн худалдааны төвд цаг зардаг лангуунд худалдагчаар ажилд оржээ. Гэтэл уг лангуу нь хяналтын камерийн ажиглалтын бүсэд байрлаж байсан тул таних царай систем хятад “Бони”-г шууд таньжээ.