
Энэ явдал өнгөрсөн оны хавар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд гарчээ. Тус албаны судалгааны ажилтан Т.Д нь санхүүгийн баримт, сургалтын дөрвөн тайлан, томилолтын нэг тайланг архивлах явцад ажлын албаны ажилчдад сургалт зохион байгуулаагүй байж сургалт зохион байгуулсан, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад томилолтоор явсан гэж хуурамчаар баримт бүрдүүлэн төрийн сангаас 10 сая төгрөг завшсан байж болзошгүй баримтууд гарч иржээ. Ингээд уг баримтуудын зургийг дараад ажлын албаны дарга болон ажилчид, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдэд мэдэгдсэн байна. Гэтэл сарын дараа ажлын албаны даргын тушаалаар байгууллагын дотоод журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр баримт материалыг бусдад дамжуулан тарааж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журам ноцтой зөрчсөн гэх зэрэг үндэслэлээр ажлаас нь халжээ. Энэ баримт экс ажилтан шүүхэд хандах үеэр илэрсэн байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ЭМ-ийн сайд ажилладаг. Тус зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага юм.