Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 11:00 цагт хийхээр товложээ. Тус хэргийг 2019 оны тавдугаар сарын 17-нд түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал болж, нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан юм.
Ийнхүү прокурорт буцааснаас хойш зургаан сар гаруйн хугацааны дараагаар нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоосон байдаг.