Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр эхэллээ.
УИХ-д суудалтай дөрвөн нам, эвсэл өөр өөрсдийн нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа өнөөдрөөс эхлэн тодруулах юм.
МАН, МАХН-тай нэгдэн ажиллахаар болсноо зарласан. Эрх баригч намын тухайд тавдугаар сарын 2-ны өдөр намын бага хурлаа хийж, нэр дэвшигчээ зарлана гэдгээ мэдэгдээд буй.
МАХН-ыг төлөөлж, Ерөнхийлөгчийн сонгуульд төлөөллөө оролцуулах боломжийг авчирсан С.Ганбаатар МАН, МАХН-ын нэгдлийг эрс эсэргүүцэн намаасаа гарч, АН-д элсэж байгаагаа зарлав. Ингэснээр МАХН-ын байгуулсан Та бидний эвсэл парламентад төлөөлөлгүй болж үлдлээ.
Харин Зөв хүн электорат эвслийн хувьд нэр дэвшигчээ тодруулахаар ард түмнээсээ “захиалга” авсаар буй. Хэд хэдэн нэр дэвшигчийн нэрийг албан бусаар хэлээд байгаа ч эцэслэн зарлаагүй хэвээр байна.
Хамгийн сонирхолтой хийгээд ойлгомжгүй байдлыг АН үүсгэж байна. Нэг нэртэй ч хоёр талтай намын дотоод сунгаа өнөөдөр эхэлж, О.Цогтгэрэл болон М.Тулгатын талд нэр дэвшигчид сунгаанд оролцоно хэмээн материалаа бүрдүүлэн өгч, хэвлэлийн хурлыг хийв.
Өнөөдрийн 15:00 цаг хүртэл үргэлжилсэн дотоод сунгаанд нэрээ өгөөд буй хүмүүсийг жагсаавал,
О.Цогтгэрэлийн толгойлж буй АН-д
- Өчигдөр МАХН-аас гарч АН-д орсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар
- Бие даан нэр дэвшиж, Орхон аймгаас сонгогдсон Н.Алтанхуяг
- УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
- Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар багтаж байна.
Харин С.Эрдэнийн халааг авч АН-ын даргаар ажиллаж буй гэх М.Тулгатын талд
- УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ
- УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
- УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал
- АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай нар өөрсдийн нэрийг дэвшүүлж сунгаанд оролцох нь тодорхой болоод байна.
Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхээс О.Цогтгэрэл болон М.Тулгат нарын хэнийг нь ч АН-ын даргаар бүртгэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Учир нь хоёр талаас намын даргаар бүртгүүлэхээр хүсэлт өгсөн нь намын дотоод асуудал тул хүсэлтийг буцаасан юм.
М.Тулгатын талын АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь намын гишүүнчлэл аваад 6 ба түүнээс дээш сар болсон байх ёстой учраас УИХ-ын гишүүн С.Ганбаатар дэвших боломжгүй гэдгийг хэлээд буй. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд гишүүнчлэлийг нь 2019 онд дөрвөн жилээр хассан С.Эрдэнэ тэргүүтэй АН бус эсрэг талд нэрээ өгөөд байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гал алдахгүй гэж тооцсон уу хоёр талд хоёуланд нь материалаа өгчээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлах мөч ойртсоор харин хоёр тал болсон АН-аас нэр дэвшигч хэн байх нь таавар хэвээр байна.