alim.mn | 2024.12.28
54 мянган төгрөгний хандив цуглуулсан “Шинэ Эвсэл”-ийн нэр дэвшигчийг сонгуулийн зардлын тайлан гаргаагүй хэмээн 20 сая төгрөгөөр торгожээ

2020 оны УИХ-ын сонгууль “гайхамшигт” явлуудаар дүүрэн өнгөрсөн бол сонгуулийн дараа ч “гайхамшиг” үргэлжилсээр байна. Сонгуульд оролцсон улстөрийн хүчний нэг нь Шударга иргэдийн эвсэл нам, БНН, Үнэн ба Зөв нам, Монголын Үндэсний ардчилсан намын “Шинэ Эвсэл” байсан. Энэ эвслийн уриа нь “Мөнгөгүй сонгуулийн төлөө” агаад Дорноговь аймгийн 8—р тойрогт жолооч Д.Эрдэнэбат нар дэвшжээ. Тэрээр нэр дэвшихдээ мөнгөгүй гэдгээ хэлсэн ч эвслээс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн батлан амласан.  Гэсэн ч дэмжээгүй агаад сурталчилгааны хандивын дансанд нь ердөө 55 мянган төгрөг дэмжигчдээс оржээ. Тэр мөнгөөр нь эвслийн сурталчилгааны машинд наах хоёр ширхэг хуулга хэвлүүлээд л дууссан. Сонгуульд эвслийнхэн ялагдсан агаад нэр дэвшигч хандивын мөнгө нь цалингийн доод хэмжээнд ч хүрэхгүй бага тул сонгуулийн зардлын тайлан гаргалгүй орхижээ. Гэтэл шийтгэл нь дэндүү чанга ирсэн байна.  Дорноговь аймгийн 8-р тойрогт “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Эрдэнбат тайлангаа өгөөгүй тухайд Үндэсний аудитын газраас СЯ-нд бичиг хүргүүлж улмаар СЯ-ын ТНБД буюу Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн ерөнхий байцаагч арга хэмжээ авах тухай албан тоотыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлжээ. Хэлтэсийнхэн том толгойт экс нэр дэвшигчийг дуудаж ирүүлээд шууд зөрчлийн хэрэг нээн улмаар 20 сая төгрөгөөр торгосон байна.  Экс нэр дэвшигч нь Эрээн-Замын-Үүдийн чиглэлд ачаа зөөдөг агаад цар тахлын улмаас ажилаа алдаад байгаа аж.  Гэсэн ч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт “Нэр дэвшигч, ...хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, ...торгоно” гэсэн хатуу заалттай тул тун хүнд байдалд оржээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ