alim.mn | 2024.12.23
Бие давхар болсон Б.Амаржаргалын хорих ялыг торгох болгон өөрчилжээ

Одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 20-р хорооны Их цуурайтын аманд эзэн суух гэсэн хятад иргэн Лин Суй Лин нь тухайн үед Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Н.Батсүх, мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарт хахууль өгсөн гэх хэрэг дэгдэж байсан. Нэр бүхий 60 хүнд газар эзэмших захирамж шууд гаргуулах энэ том “ажил”-д хятад иргэн шууд монгол дарга нартай харьцаад мөнгө атгуулж чадахгүй нь мэдээж. Мөнгийг монголчууд дамжуулан өгсөн агаад Н.Батсүхэд С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нар нь 50 сая, Б.Амаржаргалд Г.Мөнхбаатар нь 100 сая төгрөг дамжуулан өгсөн гэж тогтоогдсон. С.Чулуунцэцэг нь хүүгээ явуулан “Хатан сүйх” валют арилжаанаас 148 сая төгрөг, 60 мянган юань авахуулжээ. Хүү нь уг мөнгийг Лин Суй Лины орчуулагч Булганд өгсөн бололтой. Булган өмнө нь Г. Мөнхбаатард 34 хүний, С.Чулуунцэцэгт 23 хүний иргэний үнэмлэхний хуулбар олж өгөөд байв. Орчуулагч нь 100 сая төгрөгийг хоёр хувааж Г.Мөнхбаатард өгчээ. Тэрээр өөрийн болон хүүхдүүдийн нийлсэн, мөн Булганы олж өгсөн гээд нийт 41 хүний нэр дээр газрын гэрчилгээ гаргуулахын тулд Б.Амаржаргалд эхлээд 20 сая төгрөг өгсөн гэнэ. Гэрчилгээ ч хэл амгүй амархан гарчээ. Гэтэл уг газрын хажууд ахиад сул талбай их байсан тул хятад иргэн нүд унагажээ. Ингээд сул газрыг өөр хүнд өгүүлэхгүйн тулд  80 сая төгрөгийг ахин Б.Амаржаргалд өгсөн гэжээ. Мөн Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Батсүхэд “хэлж” өгөхийг гуйжээ. Үүний дагуу Б.Амаржаргал нь утсаар ярьж “Г.Мөнхбаатар гэдэг хүнд туслаад өгөөрэй, манай байгууллагаар өргөдөл гомдол гаргаад олон жил яваа хүн шүү” гэж захижээ. Газрын албаны дарга нарт өгсөн хахуулийн мөнгийг хятад иргэн Лин Суй Лин нь Хятадад байгаа хөрөнгө оруулагч нараасаа цуглуулж “босгосон” аж. Тэрээр Монголд нэлээд өргөн хэмжээний бизнес хийх төлөвлөгөөтэй иржээ. Гэсэн ч буруу аргаар эхэлсэн бүтэлгүйдэж хэрэг мандмагц нутаг яаран буцсан гэнэ. Өдгөө энэхүү авилгалын хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Шүүгдэгч Б.Амаржаргал нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд жирэмслэсэн тул хяналтын шатны шүүх хорих ялыг нь торгох болон өөрчилжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ