alim.mn | 2025.06.09
Монгол залуус хоёрдахь оролдлогоороо хятад иргэнийг дээрэмдэж зургаан сая төгрөгийг нь булаасан хэргээс ...

Энэ хэрэг 2018 онд Сүхбаатар дүүргийн 1-р хорооны 19а байранд гарсан. Дээрмийн хэргийг Нямдаваа, Ганпүрэв, Наранбаатар нар үйлдсэн.  Гэмт хэргийн санаачилгыг Ганпүрэв гаргаж “манай эхнэрийн ажлын хятад хүн байнга их хэмжээний бэлэн мөнгөтэй явдаг, түүнийг дээрэмдэе” гэж Нямдаваад хэлжээ. Ингээд судалж эхэлжээ. Тэр хоёр эхлээд гэрт нь очиж байрлалыг нь харж ажжээ. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ганпүрэв 8886 .... дугаараас Нямдаваа руу залгаад “нөгөө хятад хүн чинь мөнгөтэй болчихсон байна, өнөөдөр очих уу” гээд уулзан такси бариад Энхтайвны гүүрний баруун талд байдаг улаан өнгийн есөн давхар байранд очжээ. Тэдэн дээр Наранбаатар нэмэгдсэн байна.  Ганпүрэв гадаа үлдэж нөгөө хоёр нь хятад иргэний амьдардаг давхарт цахилгаан шатны хажууд хүлээжээ.  20-25 минут хүлээсний дараа Ганпүрэв “гаднаас орж байна шүү нөгөө хятад чинь” гэж утсаар хэлсэн. Хятад иргэнийг цахилгаан шатнаас гарч ирэхэд  нь шат руу татаад Наранбаатар хоолойд нь хутга тулгахад Нямдаваа цүнхийг нь булааж аваад зугтжээ.  Цүнхэнд зургаан сая төгрөг бэлнээр байснаас хувийн хэрэглээний 2,8 сая, бусад нь компанийн мөнгө гэнэ. Мөн зөөврийн компьютер, гар, цэнэглэгч залгуур, үзэгний сав, 118В залгуур, хөгжим тоглуулагч, мемори карт, флаш, “Скайтовер” компанийн бичиг баримт зэрэг байжээ. Хятад иргэн дээрэмдүүлснээ компанийн монголчуудад хэлээд тэд цагдаад ханджээ. Цагдаа дээрэмчдийг хурдан барьсан. Нямдаваа нь өөрийн хувь болох хоёр сая төгрөгөө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны ... тоот хашаанд гэрээсээ ертөнцийн зүгээр 2-3 метр зайд цэнхэр өнгийн зүйлээр хучигдсан төмрийн баруун доод хэсэгт нуусан байжээ. Тэндээс 20.000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг буюу нийт хоёр сая төгрөгийг гарч ирсэн. Б.Ганпүрэвийн гэрийн таазны уналттай гэрлийн завсраас нийт 490 мянган төгрөг хураан авсан байна. Хохирогчийн мөнгө эд зүйлсийг бүрэн буцааж өгсөн тул гомдол саналгүй гэжээ. Мөрдөн байцаалтаар тэд өмнө нь уг хятад иргэнийг дээрэмдэх гэж нэг удаа оролдсон нь тогтоогдсон гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ