alim.mn | 2025.06.09
Банкир болох гэсэн “Номин”-гийн боссыг “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат сарын 1,59 хувийн хүүгээр хуурч 20 тэрбум төгрөгийг нь авчээ

Монголын бизнесийн аваргуудын хоёр нь болох “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат, “Номин”-гийн Ш.Баярсайхан нарын 20 тэрбум төгрөгийн өртөгтэй “зодоон”-д дэлгүүрийн бизнес эрхлэгч ялсан. Шүүхийн тогтоолоор нөгөөхийг нь хориод мөнгийг гаргуулах болсон. Гэхдээ маш их өртэй хүнээс 20 тэрбум төгрөг гарах  эсэх нь тун эргэлзээтэй. Өнгөрсөн 2-р сард “Номин Холдингс” компаниас дээрхи хэрэгтэй холбоотойгоор мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд “Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг Ш.Баярсайханг хууран мэхэлж, бодит байдлыг нуун дарагдуулж, зохиомол байдлыг зориудаар үүсгэн түүний 20 тэрбум төгрөгийг мэхлэн авч өнөөдрийг болтол нэг ч төгрөгийг төлөөгүй гэв.  Анхан шатны шүүхээс “Эрэл” компанийг үүсгэн байгуулагчийг долоон жилийн хорих ялаар шийтгэж эхнэрийх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон. Д.Эрдэнэбат нь Ш.Баярсайханг бараг л дуудаж ирүүлээд залилсан мэт яригддаг. Гэвч үнэндээ “Номин”-гийн босс нь том банкир, хувь эзэмшигч болох  хүсэлдээ хөтлөгдөн явсаар залилангийн хавханд өөрөө гүйгээд орсон гэнэ. Тэрээр 2016 оноос л банкны салбарт орохоор шийджээ. Гэхдээ аавгүйгээр яах билээ. Аав Шагдарсүрэн нь тэр үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан дээр хүүгээ дагуулж очжээ.  Аав хүү хоёр нэгэн ББСБ-ыг олон жил сайн ажиллуулж байгаа хэмээн өөрсдийгөө сайн талаас тодорхойлоод банкны салбарт орох хүсэлтэйгээ хэлжээ. Экс ерөнхийлөгч хариуд нь ердөө зөвлөгөө л өгсөн гэнэ. Тэрээр арилжааны банкуудад 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай байхыг хуулиар тогтоосон, Тээвэр хөгжил, Кредит, Ариг, Чингис хаан зэрэг банкууд энэ шаадлагыг биелүүлэхийн тулд хөрөнгө оруулагч хайж байгааг хэлээд хувьцаа эзэмшигчидтэй уулзахыг зөвлөжээ. “Номин”-гийнхон дээрхи олон банкны дундаас “Ариг”-ийг яагаад сонгосон нь сонирхолтой. “Эрэл”-ийн эхнэр нөхөр хоёр Ш.Баярсайханы эхнэрийг эхэлж уулзах санаачилга тавьсан гэжээ. Тэдний хүүхдүүд нэг сургуульд сурдаг агаад сургууль дээр болдог эцэг эхийн арга хэмжээн дээр тааралддаг гэнэ. Нэгэн удаа тааралдах үед “Номин”-гийн боссын эхнэр  Сэргэлэнг дуудаад “манай хүн танай хүнтэй уулзаж бизнес ярьмаар байна гэнэ, утасдахаар утсаа авахгүй байна гэсэн, уулзуулж юм уу дамжуулж өгөөч” гэсэн гэнэ.  Харин Ш.Баярсайхан үүнийг эрс няцаагаад “Эрэл”-ийнхэн эхэлж ярьсан гэж мэдүүлсэн.  Уулзаад ярилцахад Д.Эрдэнэбат “манай  банкинд Японы санхүүгийн корпорациас хөрөнгө оруулна, 6-р сараас  хойш шалгалт хийгээд хамтарч ажиллахаар болж гэрээнд гарын үсэг зурах гэж байна” гэж томорчээ. Үүнийг нь сонссон “Номин”-гийн босс “Та гадны хүнтэй битгий яваач, та бид хоёр хамтарч нийлээд явъя, надад итгэл үзүүлээч, гуйж байна” гэх зэргээр царай алдсан тухай Д.Эрдэнэбат өгүүлжээ. Түүний хэлсэн санал тун “шүлс асгаруулам” байжээ.  Банкаа “200 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, 100 сая долларын хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулалтаа гурвахан жилийн дотор нөхөх боломжтой, мөн Байшин үйлдвэрлэх комбинатынхаа  20 хувийн хувьцааг хоёр дахин хямдруулж 20-хон тэрбум төгрөгөөр өгье” гэжээ. Лавшруулаад “хэрвээ мөнгөө буцааж авахыг хүсвэл сарын 1,59 хувийн хүүтэй буцааж өгнө” гэжээ. Энэ саналд хашир бизнесмэн Ш.Баярсайхан хадгаламж зээлийн хоршооны өндөр хүүнд итгэн залилуулсан 20-хон настай залуу шиг л  хууртжээ. Хүсэж байсан банкны салбарт “орох” мөрөөдөл нь бараг л биелж байсан тул хөөрсөндөө зарим нэг “жижиг” гэмээр зүйлийг анзаараагүй байна. Энэ нь дараа маш том алдаа болж хувирсан. Хууль ёсоор банкны хувь эзэмшигч нь мөнгөө Монголбанкинд эхлээд байршуулах ёстой ч Д.Эрдэнэбат “Монголбанкинд байршуулбал 60 хоног хүртэл уддаг тул миний дансанд хий” гэжээ. Ингээд  компанийн биш харин хувь хүний дансанд мөнгө хийж байгаагаа анзаараагүй байна. Тухайн үед өр зээлийн улмаас компанийн данс нь хаагдсан тул Д.Эрдэнэбат эхнэрийн хамт хувийн дансаа ашиглаж байжээ. Мөн дансны гүйлгээний утган дээр “хөрөнгө оруулалт” гэж бичих хэрэггүй гэжээ. Банкны теллер нар хараад хэвлэлийнхэнд тараана, тэгээд шуугиан дэгдвэл  Ш.Баярсайханыг “Ариг” банкны хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхэд хүндрэл гарна гэж “айлгажээ”. Нөгөөтэйгүүр Д.Эрдэнбат ондоо багтаах нэрийдлээр хугацаагаар тун шахжээ. Хамтран ажиллах гэрээг 2016 оны 12-р сарын 15-нд байгуулж маргааш нь л “Ариг” банкны 34,5 хувийг эзэмшихийн тулд 18,7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.  Нийтдээ 20 тэрбумыг өгсөн. Мөн энэ гэрээгээр Ш.Баярсайхан дангаараа хувь эзэмшигч болсонгүй. Д.Эрдэнэбат нь хариу  хөрөнгө оруулж” Номин даатгал”-ын 49 хувийг эзэмшихээр тохирсон байжээ. Нэр алдартай, хашир туршлагатай бизнесмэн атлаа ийнхүү хууртсан нь гайхалтай. Ш.Баярсайхан үүнийг “Д.Эрдэнбат намайг ховсдсон байх” гэсэн нь аргаа барсан хүний үг биз ...

.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ