alim.mn | 2024.12.22
Энэ жил допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасч 40 сая төгрөгөөр торгоно

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал тавдугаар сарын 15-ны өдөр цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмээ барин хурал зохион байгуулжээ. Тус хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 46 гишүүн нь оролцсон аж. Орон нутгийн болон зарим төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас цахимаар хуралдаа оролцжээ. Хурлаар Цэцдийн зөвлөлийн дарга Г. Өсөхбаяр үг хэлж, хэлэлцэх асуудлаа батлуулав.

Цэцдийн зөвлөлийн гишүүдээс давхардсан, гадаад явсан, нас барсан гишүүдийн оронд нөхөн бүрдүүлэлт хийж, улсын аварга Ч.Санжаадамба, Баян-Өлгийн аймгийн арслан Х.Айдос, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн начин Ш.Баянбат нарыг гишүүнээр сонголоо.

Цэцдийн зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

  1. МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.
  2. Их эе хурал 256 төлөөлөгч оролцох бөгөөд улсын заан, гарьд, арслан, аварга цолтнууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцоно. Аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний төлөөлөл тав, аймгуудын бөхийн холбооноос хоёр төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан тоогоор оролцоно.
  3. Их эед бэлдэх ажлын хэсэгт улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Б. Гончигдамба, улсын харцага Н.Батзаяа, улсын начин А.Алтанхуяг, аймгийн арслан Х. Айдос нарыг сонгов. Ажлын хэсгийн гишүүд МҮБХ-ны дүрмийн төслийг боловсруулах, хурлын ирц, орон нутгаас ирэх төлөөлөгчдийн асуудлуудыг хариуцан ажиллана.
  4. Барилдааны дүрмээс "Барьц сонгох" заалтыг хаслаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөнө. Барьц сонгох заалтыг хассан тул хоёр бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж ээлжит бус Их Эе хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэгт улсын гарьд Б. Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх – Ирээдүй, улсын начин Н.Бүрэнбаатар нарыг сонгов.
  5. Барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулав.
  6. Барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулав. Үүнд:
  • а. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна
  • б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасна
  • в. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцно
  • г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна
  1. "Үндэсний их баяр наадмын тухай хууль"- д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эцэслэн, хууль санаачлагчддад өргөн барихад бэлэн боллоо.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ