Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар УИХ-ын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Хуулийн төслөөс гурван зүйлийг танилцуулъя. Монгол хүний удмын санг хамгаалах томоохон ажил өмнө нь гарч байгаагүй. Нөхөн үржихүйн асуудлыг төрийн бодлого, үндэсний хөтөлбөр болгоё гэж үзлээ.Иймээс Нэгдүгээрт, Цус ойртолтоос сэргийлэх хамгийн зөв зам нь угийн бичиг хөтлөх явдал. Улс орон даяар угийн бичиг хөтлөх асуудлыг хэвшүүлье гэж үзсэн. Хоёдугаарт, Монголын хүн ам зүйн асуудлыг хариуцсан тодорхой төрийн нэгжтэй болъё гэж үзэж байна. Одоо бол НХХЯ-нд нэг мэргэжилтэн л байдаг. Нэгжтэй болсноор удмын санг хамгаалах ажил дээр ахиц дэвшил гарна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Уг тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон. Гэр бүлийн эдийн засгийн баталгааг бий болгох нь илүү чухал байна. Тиймээс Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг ипотекийн зээлд хамруулах, цаашлаад орон сууцны урьдчилгааг төрөөс төлөх заалтыг оруулсан. Бидний тооцооллоор 3,600 орчим өрх байна. Эдгээр өрхөд 20-30 саяын урьдчилгааг өгөх боломжийг Засгийн газар судалж, тодорхой хөтөлбөр боловсруулж оруулж ирээсэй хэмээн хүсэж, хуулийн заалтыг оруулсан.
Эхийг жирэмсэн болсноос нь эхлээд эрүүл мэндийн хяналтад байлгах, төрснийх нь дараа 7-14 хоногийн хугацаанд даатгалаар асаргаа сувилгаанд хамруулахыг төр болон хувийн хэвшлийн хүрээнд хийх асуудлыг судалж, оруулж ирээч гэсэн заалтыг мөн санал болгож байна.
Төвлөрлийг зүй зохистой хийж ирсэн туршлага бий. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн иргэдээ эх оронд нь урьж ажиллуулах, 2021-2025 он буюу таван жилийн хугацаанд шилжилт хөдөлгөөнийг зөв зүйтэй хийх бодлого гаргах зүйлийг төсөлд тусгаад байна" гэв.