alim.mn | 2024.12.28
“GOLD ROOM” лонжийн архи уух тэмцээнд ялаад нас барсан хохирогчийн ар гэрт машин, 17 сая төгрөг өгчээ

Энэ харамсалтай явдал өнгөрсөн оны эхээр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Виктория” төвийн таван давхрын “GOLD ROOM” лонжийн нээлтээр болжээ. Тус лонж нь “Мизуки деведопмент” гэдэг компанийх гэнэ. Толгой "Жи Эм Консалтинг" компани нь том тул нээлтэд олон хүн иржээ. Идээ ундаа элбэг дэлбэг байсан нь ойлгомжтой. Ингээд захирал Дулам зочдыг хөгжөөх үүднээс олон төрөлт архи хольж ууж ялагч нь мөнгө хожих “тэмцээн”-ийг санаачилсан гэнэ.  Түүний заавраар бармен нь долоон төрлийн архи, согтууруулах ундаа бэлдэж хундаглажээ. Үүнд “Сгаft” нэртэй задгай пиво 500 мл, “Table mountain” нэртэй улаан дарс 450 мл, “Jack olmeca” нэртэй тикила 200 мл, “Gordon’s”-ийг “Triple Sec”-тэй нийлүүлсэн коктейль 200 мл, “Eden” нэртэй үндэсний үйлдвэрийн архи 200 мл, “Jack Daniel’s” виски 200 мл, “Hennessy” нэртэй коньяк 250 мл,  “Red bull” энергийн ундаа 250 мл-г бэлджээ. Хохирогч нээлтээс өмнө уусан мөн нээлтэн дээр бусадтай нийлэн лонх виски хугаслаад сууж байсан аж. “Тэмцээн”-ийг зарлаж дүрмийг танилцуулахад хамгийн түрүүнд босож очсон. Өндөр биерхүү эр бүх архи, согтууруулах ундааг шууд хөнтөрч хүмүүс “бүгдийг нь уучихлаа” хэмээн хашгиралджээ. Ялагч шагналын мөнгийг аваад ширээн дээрээ ирэхдээ “би чадлаа” хэмээн хашгирч найз нар нь баяр хүргэсэн. Гэсэн ч 10-иад минутын дараа биеэ удирдах чадваргүй болж сандал дээрээ унажээ. “Тасарчихлаа” хэмээн бодсон хүмүүс “Вип” өрөөнд оруулж хэвтүүлээд бас толгойд нь хувин өлгөсөн аж.  Цаг гаруйн дараа гадаар хувцсаа хайсан зочин ялагчийн бие хөхөрсөн болохыг мэдээд бусдадаа хэлж түргэн дуудсан ч хожимджээ. Тэрээр архины гүн хордлогод орж нас барсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.  Мөрдөн байцаалтаар 500 гр задгай пиво, 450 гр улаан дарс, 150 гр текила, 150 гр жин, 200 гр цагаан архи, 250 гр виски, 250 гр коньякийг нэг дор уусан нь тогтоогдсон. Түүнээс гадна тухайн үед “Мизуки деведопмент” нь тусгай зөвшөөрлөө аваагүй байжээ.  Нээлт хийсэн компанийхан хохирогчийн ар гэрт 15 сая төгрөгийн үнэлгээтэй автомашин мөн бэлнээр 17 сая төгрөг өгчээ.  Хохирогч өөрөө сайн дураар “тэмцээн”-д орсон, мөн ар гэрийх нь гомдолгүй гэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож бусдыг болгоомжгүй хөнөөсөн хэрэгт яллагдсан Дуламыг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ