2016 оны 10-р сарн 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар П.Жасрай сайдын ач хүү Ж.Хичээнгүйг ТОСК-ын гүйцэтгэх захирлаар томилсон. Тухайн үед Б. Энхзул нь Тамгын газрын даргаар ажиллаж байгаад шинэ захирлын тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уг албан тушаалаас чөлөөлөгдөн, мөн өдрөөс дотоод аудитороор томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Гэвч “ТОСК” ТӨҮГ, Б.Энхзул нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, албан тушаалын ажлын байрны тодорхойлолт байгаа боловч няравын хийх ажлыг хуулан бичсэн, ёс төдий хийгдсэн байна. Б.Энхзул нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн ажилдаа нэг ч удаа ирээгүй, цагийн бүртгэлгүй байхад түүнд 2016 оны 11 дүгээр сард үндсэн цалинд 2.4 сая төгрөг, хоол унааны зардалд 210.0 мянган төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал үндсэн цалинд 1.7 сая төгрөг, хоол унааны зардалд сард дунджаар 207.0 мянган төгрөг, бүгд 23.5 сая төгрөгийг олгосон байна. Дээрх зөрчил “ТОСК” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Захиргаа, санхүүгийн газрын дарга Р.Батрагчаа нар буруутай. Мөн цагийн бүртгэлгүй хүнд цалин бодсон, түүнийг хянасан цалингийн нягтлан бодогч Б.Уянга, Ерөнхий нягтлан бодогч С.Ерөөлт нарын ажлын хариуцлагатай шууд холбоотой. Дээрхи албан тушаалтнуудаас гүйцэтгэх захирал л энэ хэрэгт өөрийгөө буруугүй гэж дайрсан. Тэрээр ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг Захиргаа, санхүүгийн газрын дарга Р.Батрагчаад өгсөн гэнэ. Ингээд огт ажиллаагүй хүнд 23 сая төгрөгийн цалин өгсөн хэрэгт Ж.Хичээнгүй бус харин доод ажилтнууд нь буруутай болж таарчээ. Хэн нь ч буруутай гэсэн цалинд өгсөн мөнгө төлөгдөх учиртай. Энэ явдал Ж.Хичээнгүйг хариуцлага хүлээх чадвараас илүүтэйгээр асуудлаас өөрийгөө цэвэрхэн аваад гарах аргад суралцсаныг харуулж байна.