Удахгүй паралимпийн эрх авах тэмцээндээ оролцох өндөр чансаатай хараагүй жүдогийн эмэгтэй тамирчин Н.Алтанцэцэг орой гэр лүүгээ явж байгаад нохойд уруулан, Токио 2020 олимпод оролцох эрхээ алджээ. Энэ жил золбин нохойг устгахад зориулан 1,2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл Паралимпийн эрх авах, цаашлаад олимпийн медаль авах боломжтой тамирчин нохойд уруулж олон жилийн бэлтгэл нь үр дүнгүй болжээ.
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Н.Алтанцэцэг хоёр ч удаа алтан медаль хүртсэн сайн тамирчин. Энэ жил дэлхийд чансаагаараа 8-т жагсаж байгаа өндөр чансаатай жүдочин. Н.Алтанцэцэг энэ сарын 27-нд Азарбайжены Баку хотод болох тэмцээнд явах ёстой ч нохаойд уруулсны улмаас барилдах аргагүй болжээ. Золбин нохой баруун нарыг нь урж, эрээн булчинг нь хүнд гэмтээсэн. Жүдо бол барьц их чухал, хурд хүчний спорт. Гэтэл баруун гараа гэмтээсэн, харааны бэрхшээлтэй тамирчин олимпод оролцох байтугай зүгээр байхад ч хүнд, өвдөж байгаа нь мэдээж.
Золбин нохойноос болж Токиогийн паралимпийн наадмын нэг эрх маань хасагдаж, олон жил бэлдэж хичээсэн тамирчин хохирч үлдлээ. Нохой устгалд тэрбумаар нь төсөвлөөд хоосон тоо бичсэн тайлан тавьдаг хотын удирдлагууд юу бодож байгаа бол?
Энэ талаар жүдогийн тамирчин Н.Алтанцэцэгээс тодруулахад "Маргааш 21-нд явах ёстой байсан. Энэ бол Олимпийн эрх авах сүүлчийн тэмцээн. Паралимпод дэлхийд чансаагаараа эхний 8 хүн орох боломжтой. Дэлхийн "ранга"-д би 8-д байсан. Бакуд болох наадмаас медаль хүртэж, чансаагаа ахиулж, олимпийн эрхээ бататгах зорилготой байсан. Монголоос явах сүүлчийн тэмцээн, болохоор маш харамсалтай байна. Би Модны 2-т байх зааланд бэлтгэлээ хийж, орой Тахилтын эцэст байх гэр лүүгээ явдаг. Өөрийнхөө бор зүрхээр явдаг, гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй" гэсэн юм.